Хуван дотор сайтар хадгалагдсан үлэг гүрвэлийн сүүл олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-12-09 11:30:08

НЕЙПЬИДО. /CNN/. Хув буюу модны чулуужсан давирхайны дотор маш сайн хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн /динозавр/ сүүл олджээ. Энэ динозавр бол одоогоос 99 сая жилийн тэртээ үед хамаарах амьтан юм. Судлаачдын хэлснээр, урьд өмнө нь ийм олдвор олдож байгаагүй аж.

Хятадын палеонтологич Син Лида хатаасан чангаанзны хэмжээтэй уг олдворыг БНХАУ-тай залгаа Мьянмарын хойд нутаг дахь хув зардаг захаас олсон байна.

Гоёл чимэглэлийн зүйл хийхийн тулд 99 сая жилийн настай, 6.5 грамм жинтэй хувыг хэдийн өнгөлж цэвэрлэжээ. Уг хувыг худалдсан наймаачин хуван дотор байсан зүйлсийг “зүгээр л нэг мод ургамлын үлдэгдэл” гэж бодож байсан гэнэ. Харин эрдэмтэд сайтар судалсны эцэст тэр нь бор шувуу шиг хэмжээтэй өдөт динозаврын сүүл болохыг тогтоосон байна.

Судлаач Син хэлэхдээ “сүүлний анатомийн бүтцийг сайтар судалж үзсэний эцэст энэ бол эртний шувуу бус харин далавчит динозаврын сүүл мөн гэсэн дүгнэлтэнд хүрсэн” гэлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ