Аялж буй газраасаа худалдан авалт хийх нь аяллыг илүү амьд, утга учиртай болгодог

МОНГОЛ ХЭМНЭЛ
b.tuul@montsame.gov.mn
2026-04-03 08:13:04

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Намайг Батжаргал овогтой Мөнхтогтох гэдэг. Санхүү эдийн засгийн их сургуульд аялал жуулчлалын багш ажилтай.  


Багш гэхээр олон хүний ой тоонд самбарын өмнө зогсож байгаагаар намайг төсөөлж магад. Үнэндээ танхимын сургалт тэгж л явдаг. Гэхдээ аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэнэ гэдэг онолоор хязгаарлагддаг юм биш. Оюутнуудаа дагуулаад хөдөө орон нутгаар дадлага, судалгаанд их явна аа.


Хөдөөгөөр явах бүрдээ орон нутгийн иргэдээс шинэхэн талх, хоол хүнс, айраг, цагаан идээ, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн худалдан авч, морь тэмээ унаж тэднийг дэмждэг. Оюутнууд үүнээс аялал гэдэг зөвхөн байгаль үзэж, амрах тухай биш, харин очсон газартаа ямар нөлөө үлдээж болох вэ гэдэг ойлголтыг авдаг гэсэн үг.


Гэтэл манай иргэдийн хувьд энэ үйл явц эсрэгээрээ байдаг. Аялал жуулчлалын улирал эхлэх үед бид ихэвчлэн хотоос өөрт хэрэгтэй бүхнээ машиныхаа ард чихэж аваад гардаг. Гэтэл тухайн орон нутгийн иргэдийн хийсэн бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээ нь дахин давтагдашгүй, өвөрмөц байхаас гадна тэдний амьжиргаа болон бүс нутгийн эдийн засагт маш том дэмжлэг болдгийг хүмүүс ойлгодоггүй.


Одоо хэдхэн хоногийн дараагаас дотоодын аялал жуулчлалын улирал эхэлнэ. Аялж буй газраасаа худалдан авалт хийх үед аялал тань илүү амьд, утга учиртай болж, бодит үнэ цэнийг бий болгодог гэдгийг манайхан битгий мартаарай. Өөрөөр хэлбэл, та зөвхөн хэрэглэгч биш, харин тухайн бүс нутгийн соёл уламжлал, амьдралын хэв маягийнх нь нэг хэсэг болж, хэзээ нэгэн цагт эргэн дурсах, хууч хөөрөх сайхан түүхийг өөртөө бүтээж байдаг.


Тиймээс аялагч та аялалд гарахдаа жижиг мэт боловч чухал шийдвэрүүдийг гаргаж сурахыг зөвлөе. Аялал жуулчлал гэдэг зөвхөн очоод буцах биш, харин очсон газартаа хэр их өгөөж үлдээж байгаагаар нь хэмжигддэг юм шүү.

Холбоотой мэдээ