Монголын хөдөөд юу л байна, ажлын байр байна

МОНГОЛ ХЭМНЭЛ
b.tuul@montsame.gov.mn
2026-01-23 08:29:33

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Намайг Ванчигийн Басанхорлоо гэдэг. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багийн малчин. Хорин нэг дэх жилдээ мал маллаж байна.

 

Анх ч мал, малчны талаар ямар ч ойлголтгүй байлаа. Би уг нь ШУТИС-д геодезийн инженерээр сурч, гурван жил мэргэжлээрээ ажилласан юм. Удалгүй жирэмсний хордлогоо дийлэхээ болиод, хоёр жилийн дараа эргээд хот орж ирнэ гэсэн бодолтой хөдөө түр гарахаар болов. Хөдөө гарахын өмнө ханийгаа хотод ажил хийлгэх гэж үзсэн л дээ. Тэгээд бодлоо. “Малчнаараа амьдраад болж байсан хүнийг ингэх хэрэг байна уу” гэж бодогдоод амихандаа л түр ч болов хөдөө гарах шийд гаргав. Хөдөө ирээд мориндоо мордоод давхиж яваа түүнийгээ хараад, шууд л бахархах, бахдах сэтгэл төрж, ханийхаа мөрөөдлийг биелүүлэхээр санаа шулуудсан. Ингэж л миний ханийн мөрөөдөл бидний мөрөөдөл болсон юм даа.

 

Малчны ажил хүнд хүчир, цаг наргүй. Эхэндээ амар байгаагүй. Хамгийн түрүүнд үнээ сааж сурлаа. Цагаан идээгээ өөрсдийн хэрэгцээнд бэлддэг боллооМэдэхгүй газар, танихгүй хүмүүс, хийж үзээгүй ажлаа сайхан хань, сайн хадмын тус дэмээр өөрийн болгожээ. Сүүлийн жилүүдэд манайх тоонд биш чанарт анхаарч, малынхаа тоог 3 дахин цөөлжцэвэр, аюулгүй цагаан идээ бэлтгэхийг зорилгоо болгон, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. 

 

Манайх зах зээлээс хол. Тэгэхээр сүүгээ бүрэн боловсруулах хэрэгтэй болдог. Жилд дунджаар 500-550 кг ааруул, бяслаг, ээзгийтэй цагаан тос, үзэмтэй хайлмаг, шар тос боловсруулж, сумандаа болон Улаанбаатар хот, Говьсүмбэр аймагт худалдан борлуулж байна. Цагаан идээ боловсруулна гэдэг хүч хөдөлмөр шаардсан ажил боловч худалдан авсан хүмүүсийнхээ талархсан сэтгэлээс аз жаргалыг мэдэрч, урам зориг авч амьдарч байна даа.  

 

Би заримдаа гайхдаг, хүмүүс ажил олдохгүй байна л гэдэг. Монголын хөдөөд юу л байна, тэр чигээрээ ажлын байр байна.

Холбоотой мэдээ