Хүндэтгэлийн хаалганы загварын уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-04 20:43:24

Баянхонгор аймгийн хаалга, сүлд шалгаруулах уралдааныг аймгийн ИТХ-аас зарлажээ. Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх тус уралдааны шагналын сан 2.0 сая төгрөг байх аж.

Тус аймгийн төвөөс Улаанбаатар чиглэлийн төв замын дагуу байрлах хүндэтгэлийн хаалга улирагч зуны хүчтэй аадар бороонд эвдэрч, урссан байна. Тиймээс хаалга, сүлдийг шинэчлэн бүтээхээр болжээ. "Баянхонгорчууд аймгийнхаа хаалга, сүлдний утга агуулгыг мэддэг, тэр утгаараа үр, хүүхэд хойч үедээ бага наснаас нь ойлгуулж, хүн бүр дээдлэн шүтэж, биширч, бахархаж явдаг байх агуулгаар хаалга, сүлдийг хүндэтгэлтэй байршуулах зорилго тавьсан"-аа албаныхан хэлж байна.

Аймгийн хаалга, сүлд нь Баянхонгор аймгийн газар нутгийн онцлог, уул, ус, түүх, өв соёл, дурсгалт газрыг илэрхийлж чадахуйц энгийн ойлгомжтой, төрийн үйл ариун бадрахын утгыг бэлэгшээж илэрхийлсэн агуулга, өнгө зохицлын уялдаатай утга санааг илэрхийлсэн байх шаардлагатай гэж байна. Уралдаанд мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, сонирхогчид оролцох боломжтой аж.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ