ЗАВХАН: Оргил ачааллын үед эрчим хүчээ хэмнэхийг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН![](/files/6757ec3ad21df.jpeg)
Улиастай, 2024 оны арванхоёрдугаар
сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн
төв Улиастай сумын алслагдсан
багийн хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг дэд станцын кабелийг
солих, шилжүүлэн холбох ажлыг хийжээ.
Тус
дэд станцын кабель нь хэт ачаалсны улмаас халалт өгсөн тул кабель солих, шилжүүлэн холбох засвар хийсэн байна.
Завхан аймгийн 8 сум хүчдэлийн уналттай байна. Тодруулж хэлбэл, Асгат, Дөрвөлжин, Завханмандал, Их-Уул, Отгон, Сонгино, Тэс, Эрдэнэхайрхан сум хүчдэлийн уналттай байна.
Сүүлийн үед хот, хөдөөгүй цахилгааны хүч муу, хүчдэл заасан хэмжээндээ ирэхгүй уналт ихтэй байна. Худалдан авсан, суурилуулсан халаах төхөөрөмжүүд нь зохих ёсоороо ажиллахгүй байна. Оргил ачааллын буюу 06:00-9:00, 18:00-21:00 цагийн үед 220В байх ёстой фазын хүчдэл 150В руу шугамын хүчдэл нь 380В - 270В хүртлээ унаж байна. Хүчдэлийн хэлбэлзлээс болоод үнэтэй электрон хэрэгслүүд эвдэрч гэмтэж байна гэсэн асуудлууд гардаг. Энэ нь нэгдүгээр цахилгаан эрчим хүч дамжуулах шугам муудсан, шугамын ачаалал хэт нэмэгдсэн, ихэнх тохиолдолд эрчим хүчний зохистой хэрэглээгүйгээс оргил ачаалал үед үүсдэг асуудлууд юм.
Завхан аймгийн тухайд хүчдэлийн уналтын нэг шалтгаан нь эрчим хүч дамжуулж байгаа шугамын элэгдэл, анх эрчим хүчний ачааллыг тооцоолохгүйгээр тавьсан шугамууд юм.
Ялангуяа хэрэглэгчдийг эрчим хүчний оргил ачааллын 17:00-22:00 цагийн үед шаардлагагүй цахилгаан хэрэгслээ унтрааж, залгуурыг тэжээлээс бүрэн салгаж, эрчим хүчний хэмнэлтэд хувь нэмрээ оруулахыг зөвлөж байна. Эрчим хүчний хэмнэлт нь одоогоор хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр юм. Эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага төлбөр төлнө. Мөн тухайн цахилгаан дамжуулах шугамыг дур мэдэн хэт ачаалахгүй байхыг зөвлөж байна гэж Алтай Улиастай эрчим хүчний салбар ТӨХК-иас мэдээлэв.
Ташрамд, манай улсын эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон сумдаас 69 нь хүчдэлийн уналттай цэгт байрладаг байна. Тэдгээрээс 53 сум нь хамгийн их уналттай эмзэг цэгт оршиж байна. Баянхонгор аймгийн хамгийн олон сум хүчдэлийн уналттай бол Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Хэнтий аймагт хүчдэл унадаггүй байна.
Алтай Улиастай эрчим хүчний салбар ТӨХК-ийн Завхан салбарын Шуурхай зохицуулалтын албаны дарга Б.Пүрэвренчин:
-Эрчим хүчээ
хэрхэн сайжруулах вэ, хүчдэлийн хэлбэлзлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Хүчдэлийн
алдагдал нь цахилгаан эрчим хүчийг дамжуулж буй шугам сүлжээ, хуваарилж
хувиргаж буй дэд станц трансформаторууд дээрх эсэргүүцлээс шалтгаалж тодорхой
хэмжээнд үүсэж байдаг. Гэхдээ энэ эрчим хүчний норм дүрэмд зааснаар
зөвшөөрөгдөх хэлбэлзэл нь ±5% байхаар заасан байдаг. Гэвч бодит байдал дээр
сүлжээний хэт ачаалал, хэрэглэгчийн ачаалалдаа тохироогүй дамжуулах утас
хэрэглэснээс, хэт холоос эрчим хүч татсанаас, шугамынхаа ачааллыг жигд
хуваарилаагүй. Зарим тохиолдолд байшингийн болон цахилгааны шугам дээрх сул,
зэвэрсэн холболтууд гэсэн шалтгаануудаас алдагдал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс
хэт их байх тохиолдол манайд элбэг байна.
-Хүчдэлийн огцом
ихсэлт гэж байдаг уу?
-Байгаа. Хүчдэлийн
огцом ихсэлт нь аянга буух, цахилгааны шугамын таслалт залгалт, эрчим хүчийг
дамжуулж буй шугам, дэд станц дээрх гэнэтийн осол аваар зэргээс болж тохиолдож
болно.
Чанар муу буюу
хүчдэлийн хэлбэлзэлтэй цахилгаан эрчим хүч нь таны гэрийн цахилгаан болон
электрон тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулахаас гадна гэмтэл
учруулж болно. Цаашлаад галын аюулын нөхцөлд хүргэж болно.
-Тэгвэл эрчим хүчээ
хэрхэн сайжруулах, хүчдэлийн хэлбэлзлээс хэрхэн хамгаалах вэ?
-Эрчим хүчний ерөнхий тэжээлийн кабелийнхаа хөндлөн огтлолыг өөрийн ачаалалдаа тохируулж зөв сонгох хэрэгтэй. Хэт ачаалаагүй шугам/дэд станцыг сонгож холболтоо авах нь зөв. Мэргэжлийн байгууллагуудад заавал хандаж холбуулах хэрэгтэй. Манай иргэд өөрсдөө дур мэдэж холбох тохиолдол гардаг. Мөн шаардлагатай тохиолдолд 1Фаз -3Ф хэрэглэгч рүү шилжих. Ерөнхий самбартаа хэт хүчдэлээс хамгаалагч суурилуулах. Мэдээж аянга хамгаалагч, газардуулга хийх. Ачаалал хүчдэлийн уналтдаа тохирсон хүчдэл тогтворжуулагч хэрэглэх хэрэгтэй. Ер нь хэт ачаалал үүсэхээс сэргийлэх, хэмнэлт хийх шаардлага байгаа шүү дээ. Учир нь манай улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хязгаарлагдмал. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээгээ хэт ихэсгэхгүй байх, хэмнэлт хийхийг байнга уриалж байна.
Хэрэглэгчид хэрэглээгээ хянаж, хэмнэж чадвал бага төлбөр төлөх боломжтой. Тиймээс эрчим хүчээ хэмнэх энгийн аргуудыг Алтай Улиастай эрчим хүчний салбар ТӨХК-аас зөвлөж байна.
Өрхийн цахилгаан
хэрэглээг хэмнэх аргууд:
-Ашиглаагүй гэрэлтүүлгээ унтрааж хэвших.
-Цахилгаан шатнаас аль болох татгалзах нь эрүүл мэндэд ч
тустай.
-Агааржуулагч ажиллуулж байгаа бол цонхоо хаах.
-Угаалгын машиныг бүрэн ачааллаар нь ажиллуулж байх.
-Шүршүүрт орох хугацаагаа багасгах.
-Цахилгаан хэрэгслийг үр ашигтай, хэмнэлттэйгээр ашиглаж
хэвших.
-Эрчим хүчний хэмнэлттэй, гэрэлтүүлэг сайтай LED гэрлийг
ашиглах.
Түүнчлэн эрчим хүчний хэмнэлтийн шошго бүхий цахилгаан хэрэгсэл ашиглаж цахилгаанаа 15 хувь хүртэл хэмнэх боломжтой. Тухайлбал А+++ тэмдэгтэй угаалгын машин B ангиллынхаас 40 хувь бага цахилгаан зарцуулдаг.
-Угаалга хийхэд хувцсаа дүүрэн эсвэл дунд хийхээс шалтгаалан
машин цахилгаан, усыг жигд зарцуулдаг. Тиймээс нэг угаахдаа аль болох
машиныхаа даацын дээд хэмжээнд хүргэж угаавал хэмнэлттэй.
-90 градуст угаахад 30 градуст угааснаас 7 дахин их эрчим хүч зарцуулдаг.
-Харин 60 градуст угаавал 3 дахин бага цахилгаан шаардана. Тиймээс
хувцсаа өнгөөр ялгахаас гадна толбо, хиртэлтээр нь ялгаж бага градуст, бага
хугацаагаар угаавал цахилгаан хэмнэнэ.
Байгууллагын цахилгаан хэрэглээг хэмнэх аргууд:
-Компьютер, мониторыг “energy saving“ горимоор ажиллуулж, ажлын бус цагаар унтрааж хэвших.
-Ажлын бус цагаар хэвлэгчийг унтрааж хэвших.
-Ажлын бус цагаар хувилагчийг унтрааж хэвших.
-Аль болох байгалийн гэрлийг ашиглаж, ажлын бус цагаар гэрлээ
унтрааж хэвших.
-Хөргөгч, богино долгионы зуух, ус буцалгагч, кофе чанагчийн хувьд эрчим хүчний А+ болон түүнээс дээш ангиллынхыг сонгох. Жилд эдгээртэй холбоотой зардлыг 15 хувь хүртэл хэмнэх боломжтой юм.