Э.Одбаяр: Дэлхийн хэмжээний хурал чуулган, төрийн айлчлалууд Монгол Улсын нэр хүндийг өсгөж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-08-19 12:19:20

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт” хэмээх маш хариуцлагатай, нэр төртэй чуулганыг  Улаанбаатар хотноо 2024 оны 8-р сарын 22-23-нд зохион байгуулах гэж байна. Олон талын ач холбогдолтой энэхүү чуулганы тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.

 

-Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүд манай улсад хуран чуулах гэж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах тал дээр идэвхтэй ажиллаж ирсэн Монгол Улсын санал санаачилгыг олон улс хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл гэж ойлгож болох уу?

 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс болон, Монгол Улсын төр, засгийн зүгээс  жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд онцгой анхаарч, Тогтвортой хөгжлийн зорилтууд, ялангуяа жендэрийн эрх тэгш байдлын тухай тавдугаар зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Алсын хараа-2050” үндэсний хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  “улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх”, “жэндэрийн тэгш бус байдлын зөрүүг багасгах”, “Жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрх  мэдлийг нэмэгдүүлэх”, “шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх”, “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтлах” талаар тус тус тусгаад буй.

 

Таны асуусанчлан манай улс жендэрийн эрх тэгш байдлын хангах асуудлаар олон улсын байгууллагуудын хүрээнд хувь нэмрээ оруулах чиглэлээр олон арван жилийн турш идэвхтэй ажиллаж ирсэн. Тухайлбал, Монгол Улс санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1982 оноос хойш баталж ирсэн. Түүнчлэн бусад гишүүн улс орнууд, бүлгүүдийн санаачлан батлуулдаг охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих зорилготой тогтоолуудыг дэмжин ажилладаг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэвэл, манай улс 1980-аад оноос хойш энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, системийн ялгаа, олон улсын харилцааны тогтолцооноос болоод түүнийг олон улсын хамтын нийгэмлэг тэр болгон ажиглаж хардаггүй байсан байх магадлалтай.

 

Гэтэл манай улсын нийгэм, эдийн засгийн өдөр тутмын амьдралд эмэгтэйчүүд чухал байр суурийг эзэлж байсан нь их тодорхой байдаг. Харин 1990-ээд оноос хойш олон улсын хэмжээнд манай улсын гүйцэтгэсэн үүрэг, идэвх санаачилгыг онцгой анхаарч, хүндэлж, ойлгож ирсэн. Нэн ялангуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар сүүлийн 3 жилд эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй явуулж, дэмжин ажиллаж ирлээ.

 

- Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг манай улс цаашид ч уламжлал болгон зохион байгуулахыг Б.Батцэцэг сайд манай агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн. Энэ мэтээр Монгол Улсын нэрийн хуудас болсон ямар томоохон үйл ажиллагааг Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын өмнөх энэ үед Та чухалчлан тодотгох вэ? 

 

-Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой 2022 онд тохиосон. Энэ ойг тохиолдуулан бид бүс нутгийн хэмжээнд анх удаа “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо зохион байгуулж, дэлхийн 30 гаруй орны энхийг сахиулагч эмэгтэйчүүд оролцсон олон улсын бага хурыг амжилттай зохион байгуулсан. Бид энэхүү хурлыг таван жил тутам зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энхийг сахиулагчид болон оролцогч талуудын мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцаж, солилцдог индэр болгон өргөжүүлнэ гэдэгт найдаж байна.

 

Мөн манай улс 2023 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан. Бидний зохион байгуулсан энэхүү уулзалт нь Ази тивдээ анх удаа зохион байгуулагдсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт байснаас гадна манай улсын олон улсын харилцааны түүхэнд тодоор бичигдэн үлдсэн үйл явдал болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

 

Тэгвэл бид энэ жил “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ чуулга уулзалтад гадаадын 165 төлөөлөгч бүртгүүлсэн. Тэдний дунд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, Лаос Улсын  Дэд ерөнхийлөгч, Киргиз улсын Тэргүүн хатагтай,  Болгар болон Узбекистан Улсын парламентын дарга, дэд дарга нар оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Ийм идэвхтэй оролцож байгаа нь манай улсын санал санаачилгуудыг олон улсын хэмжээнд анхааран хүндэтгэж, ойлгон дэмжиж байгаагийн, мөн түүнчлэн манай улсаас явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа үр дүнтэй явагдаж байгаагийн тод илрэл юм.

 

- Аливаа үйл ажиллагаанд аль хэр олон орны төлөөлөгч оролцож байгааг онцолж ярих нь бий л дээ. Гэхдээ “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” оролцогчдынхоо түвшингээр ямар онцлогтой гэж үзэж болох вэ. Тухайн үйл ажиллагааны ач холбогдол, үнэ цэнийг оролцогчдынх нь түвшингээр тодорхойлох жишиг байдаг уу?

 

- Байлгүй яах вэ, оролцооны түвшин нь ямар байгаагаар тухайн хурал, чуулганы онцлогийг дүгнэдэг бичигдээгүй хууль байдаг шүү дээ. Олон улсын хэмжээнд хурлын үр дүн, хурлаас гарах шийдвэр, тогтоолын ач холбогдол оролцогчдынх нь албан тушаалын түвшин өндөрсөх тусам нэмэгддэг. Тэгэхээр манай энэ хурлын оролцооны түвшин нэн өндөр байна гэж хэлж болно.

 

Тухайлбал, чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Амина Мухамед манай улсад албан ёсны айлчлал хийнгээ оролцоно. НҮБ эмэгтэйчүүд болон жендэрийн эрх тэгш байдал, хөгжлийн асуудал хариуцсан тэргүүн дипломатчаа энэхүү чуулга уулзалтад ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар анх удаа манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлалынхаа хүрээнд, “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцоно, илтгэл тавина. Болгар, Узбекистан улсын парламент, сенатын дарга нар манай улсад айлчилна. Ингээд харахаар салбартаа тэргүүлж буй улстөрчид, нөлөө бүхий шийдвэр гаргагч нар, парламентын гишүүд, төрийн болон ТББ-ын төлөөллүүд нь дандаа удирдлагын түвшинд оролцохоор болсон байна.

 

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад 2022 онд айлчлахдаа манай орныг “Энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн нэрлэж байв. Олон улсын нэр хүндтэй төлөөлөгчид энэ удаа манай улсын юуг олзуурхаж байгаа бол?

 

-Мэдээж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэлсэн үг бол манай улсыг дэлхийд тодоор тамгалсан үйл явдал болсон. Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлоготой улсын хувьд  Монгол Улс бол “Энх тайвны бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн хэлснийг дэлхий дахин харсан, сонссон.

 

Тэгэхээр энэ удаагийн олон улсын чуулга уулзалтаас ямар зүйлийг хүлээж байгааг та асуулаа. Энэ бол их сайхан, өргөн цар хүрээтэй асуулт байна. Манай улсын гадаад бодлогын нэгдмэл, тогтвортой байдал, олон улсын түвшинд гаргаж буй санал санаачилга, манай ард иргэдийн царайн дахь гэрэл гэгээ, чин сэтгэлийн угаас гарах инээмсэглэлээс эхлээд манай улсыг онцлон харж сонирхдог болсон цаг үед бид амьдарч байна.

 

Нөгөөтээгүүр геополитикийн мөргөлдөөнтэй, үл итгэлцлийн амаргүй цаг үеийг туулцгааж байна. Яг энэ цаг үед бид энхтайванч, олон тулгуурт, нээлттэй, бие даасан гадаад бодлогынхоо хүрээнд зөвхөн улс төр, геополитик, геостратеги, эдийн засаг ярихгүйгээр жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлал, тэдний шийдвэр гаргах түвшин дэх оролцоог хангах, хөдөө орон нутаг дахь эмэгтэйчүүдийн аж байдал, боловсрол, чадавхыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буйгаа таниулж, харуулах болно.


Энэ чуулга уулзалтаас ямар баримт бичиг гаргах нь бас чухал юм. Өнөөдрийн байдлаар энэ чуулга уулзалтыг НҮБ-тай хамтарч зохион байгуулж буй учраас нийт оролцогч орнууд болон НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага, мөн НҮБ-ын системийн оролцогч байгууллагуудтай хамтран “Тогтвортой хөгжил, тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг гаргахаар зорьж байна.

Хэдийгээр энэхүү баримт бичгийн нэрийг талууд эцэслэн тохиролцоогүй байгаа хэдий ч нэг их өөрчлөгдөхгүй болов уу гэж найдаж байна.

 

- Улсын маань нийслэл Улаанбаатарт дэлхийд нөлөө бүхий эмэгтэйчүүд чуулна гэдэг нь монгол эмэгтэй хүн бүрд лав бахархалтай санагдаж буй болов уу. Тэгэхээр энэ чуулганы ач холбогдол, үнэ цэнийг хамгийн товчоор дүгнэж болох уу?

 

- Хамгийн гол нь, энэ хурлаар бид улс орнуудад, оролцогч талуудад санал солилцох, амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийнхээ үр дүн, ололт амжилтын талаар санал бодлоо хуваалцах, өндөр хөгжилтэй орны туршлагаас суралцах боломжийг нь бий болгож өгч байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотод олон зуун гадны төлөөлөгч урин залж, хуралдах талбар, индрийг нь бий болгож, хурлыг зохион байгуулна гэдэг улс орныхоо улс төрийн тогтолцоо, тогтвортой байдал, чадавх чансааг харуулах үйл явдал болно.

 

Тиймээс 2500-гаас илүү жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс өөрийн гэсэн гадаад бодлого, хөгжлийн замналтай, өөрийн гэсэн гео стратегийн байр суурьтай улс гэдгийг энэ чуулганаар дамжуулж олон улсын хэмжээнд харуулна. Нөгөөтээгүүр, манай улсын үүх түүх, зан заншил, төрт ёсны уламжлал, соёл урлаг, иргэдийнх нь зочломтгой зан байдлыг харах гэж, мэдрэх гэж тэр олон зочин төлөөлөгч манай улсыг зорьж ирнэ. Тиймээс бид хурлын төлөөлөгчдөд Эзэн Чингис Хааны Музей, Өлзийт хааны захидал зэрэг урлаг соёлынхоо өвөөс дэлгэн танилцуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. 

 

Монгол орондоо болж буй олон улсын хурал цуглаан, төрийн том айлчлалуудаар монголчууд бид өөрсдөө бахархаж байх хэрэгтэй. Эдгээр нь Монгол Улсын тусгаар тогтнол бат бөх байна, бидний бодлого оновчтой зөв хэрэгжиж, монголчуудыг дэлхий үнэлж, хүндэтгэж байгаагийн илэрхийлэл байдаг юм. Тиймээс хурлын үр дүнг олон улсын хэмжээнд тунхаглан тарааж дэлгэрүүлэх ёстой. Энэ ажлыг бид хурлын дараа ч үргэлжлүүлэн хийнэ.

 

- Онцлог гэж хэлж болохоор, монгол эмэгтэйчүүдийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өвөг дээдсийн маань бахархалт түүх гэрчилдэг. Нэн шадархан үеэс гэхэд л, НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг устгах хорооны даргаар монгол эмэгтэй сонгогдож байсан түүхтэй. Тэгэхээр монгол эмэгтэйчүүдийн дэлхий дахинд үйл хэрэгт оруулж ямар сайн санаачилгуудыг та онцлох вэ?

 

-Манай дипломат албанд мундаг эмэгтэйчүүд байсан, одоо ч байсаар байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад явдлын яам 1951 онд анхны эмэгтэй дипломатыг бэлтгэж эхлээд 5 жилийн дараа анхны хоёр эмэгтэйг дипломат албанд томилсон түүхтэй. Та сая Монголын дипломатч хатагтай Лувсанданзангийн Идэр гуайг дурдлаа. Яах аргагүй бидний бахархал болсон дипломатч юм.

 

Монгол Улсын дипломатч эмэгтэйчүүдээс анхлан “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд“ цол хүртсэн, ЮНЕСКО-гийн дэргэд сууж байсан анхны эмэгтэй байнгын төлөөлөгч Л.Идэр гуай гадаад харилцааны салбарт олон жил ажиллахдаа НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн асуудлаар НҮБ-ын хүрээнд  ихээхэн хувь нэмэр оруулсан нь бидний бахархал болон мөнхөрсөн юм.

 

Манай эмэгтэй дипломатчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нийгэм эдийн засгийн хөгжил, хүний эрхийн асуудлыг хариуцсан 2 болон 3 дугаар хороодод сонгогдон ажилласан байдаг. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2016 – 2018 онд сонгогдон ажиллахдаа манай улс хүйсийн тэгш харьцаа, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг тэргүүлэх чиглэл болгосон.


1990 он хүртэл дипломат албаны нийт ажилтны 10 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байсан бол эдүгээ ГХЯ-ны удирдах албан тушаалын хагасыг эмэгтэйчүүд хашиж байна. Үүнээс гадна хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр 6 эмэгтэй Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байгаа нь нэгэн цаг үед үүрэг гүйцэтгэж ба хамгийн олон эмэгтэй Элчин сайд нар болж байгаа юм.

 

Өнөөдөр манай улс эмэгтэйчүүдийн бүхий л салбарт оруулж буй эерэг хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрч, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж байна. Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, улмаар Жендэрийн үндэсний хороог байгуулж, эрх тэгш байдлыг хангах салбар дундын 2022–2031 оны стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй. 

 

Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ой ч тохиож байна. Энэхүү түүхэн ойн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор НҮБ-тай хамтран "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг зохион байгуулж байгаа нь мөн тэмдэглүүштэй үйл явдал. Энэ бүхэн бидний бахархал байх учиртай. Үүнийг ч гэсэн манай улсад ирж буй олон зочин төлөөлөгч мэдээсэй гэж бодож байна. Түүнчлэн Монгол Улс жендэрийн тэгш эрх, сонгох сонгогдох эрхийг Үндсэн хуульдаа баталгаажуулсан Азийн анхны улс шүү дээ.

 

Олон улсын хэмжээнд хуваалцах туршлага, сонирхуулах өв, гайхуулах түүхтэй улсын хувьд бид олон зүйлийг түгээх, олон салбарт үлгэрлэх, олон улсаас суралцах боломж энэ хурлаар олдоно гэж би харж байна.

 

 

Холбоотой мэдээ