Цагдаагийн алба хаагчид архидалтгүй хамт олон болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 16:21:34

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын хамт олон “Архидалтгүй хамт олон” болох зорилго тавин ажиллаж байна.

Тус байгууллагынхан “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлэхээр  “Архидалтгүй- Аз жаргалтай орчинд ажиллаж, амьдарцгаая” уриатай гурван сарын аяныг эхлүүлж, сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулаад байгаа юм.

Тухайлбал алба хаагчдын дунд “Уух уу, ухаарах уу?, та л шийднэ. Сонголт таны гарт”  сэдэвт эсрэг илтгэлийн уралдаан зарлах, тулгамдсан асуудалтай алба хаагчидтай сэтгэл заслын арга хэмжээг хэрэгжүүлж хэвших, сургалт явуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хангах, аливаа арга хэмжээг архидалтгүй тэмдэглэн өнгөрүүлэх, төсвийн мөнгөөр согтууруулах ундаа худалдан авахгүй байх зэрэг ажлыг хэвшүүлж, мөн бусад байгууллагуудад уриалж байгаа аж.

Мөн архидан, согтуурахтай тэмцэх ажлын хүрээнд долоо хоног бүрийн баасан гарагт архи, согтууруулах ундаа худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байх шийдэрийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтмол ажил, арга хэмжээг зохион байгуулж, 9 сарын байдлаар Арвайхээр суманд 23 нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт хийн 31 зөрчил илрүүлжээ. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг 32 баар, рестораны эзэн, бармен нарыг урьж “Кофе цаг” уулзалтыг зохион байгуулан хууль тогтоомж, захирамж зөрчихгүй хүндэтгэлтэй ханддаг байх, цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцохыг урьдал болгохгүйгээр хамтран ажиллах талаар нэгдмэл саналд хүрсэн байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд