Эден Азар их спортоос явлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-12 13:48:41

МАДРИД, 2023 оны аравдугаар сарын 12 /sport.ru/. Өнөөдрийг хүртэл хөгжөөн дэмжигчдийн ихээхэн итгэл найдварыг тээж ирсэн Бельгийн хөлбөмбөгчин Эден Азар 32 насандаа мэргэжлийн тамирчны замналаа дуусгаж байгаагаа зарласан нь олон хүний урмыг хугаллаа.


“Зогсох ёстой үедээ зогсож байж хэрэгтэй. Би мөрөөдлөө биелүүлж, дэлхий даяар хөлбөмбөгийн олон талбайд гарч үнэхээр сайхан тоглолоо. Одоо өөрийн дуртай зүйлийг хийж, шинэ зүйлийг сэдэж туршихыг хүсэж байна” гэж тэрбээр нийгмийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ.


Э.Азар мэргэжлийн тамирчны замналдаа “Лилль”, “Челси”, “Реал” багууд болон Бельгийн шигшээд тоглож байсан юм.


Анагаах ухаан эрчимтэй хөгжиж буй өнөө үед хөлбөмбөгчид 40 нас хүртлээ тоглох боломж бий. Тухайлбал, 34 настай Томас Мюллер, 39-тэй Тьяго Силва, 37 настай Оливье Жиру, 35-тай Виллиан нар дээд лигүүдэд ямар ч асуудалгүй тоглож байгаа билээ. Гэтэл дөнгөж 32-той Эден хөлбөмбөгийг орхихоор шийджээ.


Байнгын бэртэл гэмтэл, “Реал”-ын фанатуудын таагүй харьцаа, илүүдэл жингээр нь тохуурхаж буй байдал зэрэг нь түүний цаашид тоглох хүсэл эрмэлзлийг нь унтраасан бол биеийнх нь галбир өөрчлөгдсөнийг хараад түүнийг авахаар сонирхож байсан баян клубууд шуудхан нүүр буруулав.


Түүний “Реал”-д тоглож байсан үе үнэхээрийн “хар дарсан зүүд байлаа. Хааны клубт ирснээсээ хойш тэрбээр бэртлийн улмаас 76 тоглолтыг алгассан /сэлгээний сандалд суусныг тооцохгүйгээр/ байна. Талбайд гарлаа ч гэсэн “Челси”-д тоглож үеийнх нь цог хиймориос юу ч үлдсэнгүй, дэнгийн ёлтойсон бүүдгэр гэрэл мэт байлаа.

Бельгийн хөл бөмбөгийн шигшээ баг. 2018 он.  


Тийм ээ, Азарын Лондонд тоглож байсан үе бол түүний тамирчны замналынх нь оргил байсан юм. “Челси”-д байхдаа тэрбээр 352 тоглолтонд оролцож, 110 гоол оруулж, 92 удаа оновчтой дамжуулалт хийжээ. Түүний тоглолтын арга барил хүн бүхнийг гайхшруулж, тэднийг хөлбөмбөгт дуртай болгож байв. Тэрбээр удаан хугацаанд Английн Премьер Лигийн тодоос тод од байсан бөгөөд Английн аваргаар хоёр удаа шалгарч, Европын Лигт мөн хоёр удаа түрүүлж, Английн цом ба Хөл бөмбөгийн Лигийн цомыг тус тус гардан авч байлаа. Дасгалжуулагчид, тамирчид солигдсоор байсан боловч Э.Азарын имиж өөрчлөгдсөнгүй. Ийм учраас 2019 онд “Реал Мадрид” клуб түүнийг 115 сая еврогоор худалдан авсанд гайхах хэрэггүй ээ. Хүүхэд байхдаа л энэ клубт тоглохыг мөрөөддөг байсан Азар мөрөөдлөө биелэнгүүт өөрийгөө зөнд нь хаяв. Жин нэмж, байнга бэртэл авч, багийнхаа нөхдөөс хөндийрөх болжээ. Хайртай клубтээ шилжин ирсэн нь түүний гол алдаа байлаа. Испанид дөрвөн улирал тоглохдоо тэрбээр 54 тоглолтонд оролцож, 4-хөн гоол оруулсан байна. Харин түүнд аз тохиож, “Реал” баг Испанийн аваргаар хоёр удаа шалгарч, Аваргуудын Лигт түрүүлж, Испанийн цом, Испанийн супер цом ба УЕФА-гийн Супер цомыг хүртжээ.


Тэрбээр дөнгөж 4-хөн настайдаа хөлбөмбөгчний замналаа эхлүүлж, Бельгийн "Руаяль Стад Бренуа" академид элсэн оржээ. 8 жилийн дараа Бельгийн “Тюбиз” клуб рүү шилжсэн бол удалгүй хоёр жилийн дараа эцэг эх нь түүнийг Францын “Лилль” клубт өгчээ. Азар мэргэжлийн тамирчны хувиар тус клубтэй анхныхаа гэрээг байгуулж, 16 настайдаа талбайд гарч байв. Хагас хамгаалагч тэрбээр багийн бүрэлдэхүүнд 147 тоглолтод оролцохдоо 36 гоол оруулж, Францын цомын ба Францын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.  


Харин Бельгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 126 удаа тоглолтонд оролцохдоо 33 гоол оруулж, 2018 онд ДАШТ-ний хүрэл медаль хүртжээ.


Хэрвээ Э.Азар хөл бөмбөгт илүү мэргэжлийн үүднээс хандаж, биеэ зөв авч явсан бол илүү их амжилтанд хүрэх байсан гэж хөгжөөн дэмжигчид, хөл бөмбөгийн мэргэжилтнүүд харамсан ярьцгааж байна. Түүнд асар их итгэл найдвар хүлээлгэж байсан боловч тэрбээр дөнгөж талыг нь биелүүлжээ. Цагтаа Франц, Англи, Испанийн аварга болж, Аваргуудын Лиг, Европын Лигт түрүүлж, ДАШТ-ээс медаль хүртэж байсан Э.Азар нэгэнт мөрөөдөлдөө хүрсэн нь түүний спортын замналыг бусниулав бололтой. Одоо Бельгийн хагас хамгаалагчийн уран гоё тоглолт үзүүлж байсан агшнуудыг дурсах л үлджээ.   

Холбоотой мэдээ