“Хүүхэд бүрд сүү” санаачилгыг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-07 12:13:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ хамтран боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар “Хүүхдийн хоол” үндэсний чуулган зохион байгууллаа.


ХХААХҮЯ, Азийн сүүний түншлэлийн байгууллага хамтран “Хүүхэд бүрд сүү” санаачилгыг хэрэгжүүлэх, сүүний салбарын аж ахуйн нэгжүүд ч мөн “Цагаан хувьсгал” санаачилга гарган, хүүхдийн сүүний хэрэглээг хангахад зорилго, чиглэлээ нэгтгэж байгааг салбарын сайд Х.Болорчулуун энэ үеэр дуулгалаа. Тэрбээр, “УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хүүхдийн хоол хүнсний хангамжийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хүнсний үйлдвэрийн хүчин чадал, техник технологийн чадавхыг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Хүүхдийн хоол, хүнсний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэхээр тодорхой чиглэсэн зээл олгож байгаа”-г хэлсэн юм.


Сургуулийн сурагчдын үдийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм гэж ДЭМБ тодорхойлсон байдаг. Мөн хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, оюуны чадавх эрс сайжирч, хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд хамрагдах боломж нэмэгдэж, өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг болдог судалгаа байдгийг ХХААХҮЯ мэдээлэв.



Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа тул хүүхдийн хоолны зардлыг нэмэх, чанарыг сайжруулах, дунд, ахлах ангийн сурагчдыг тус хөтөлбөрт хамруулах боломжийг ярилцлаа.


Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд 2475 төгрөг байна. Үүнийг нэмэхийн тулд аав, ээж, асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой эсэх талаар судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан 27956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулсан аж.

Үндэсний чуулганд хот хөдөөгийн 1500 орчим төлөөлөгч оролцжээ. 

Холбоотой мэдээ