Байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-17 12:16:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сөүл хотын Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв, Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцлоо.


Сөүл хотын нийтийн тээврийн системийг 2004 онд шинэчилснээр дэвшилтэт системийн төлөвлөлт, барилга байгууламж, үйл ажиллагааг хариуцдаг Сөүлийн Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв ажиллаж эхэлжээ. Ингэснээр хориотой газар зогсох, нийтийн тээвэрт зориулсан эгнээгээр зорчих зөрчлийг автомат системээр хянан, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэхээр мэдээллийн системийг нэвтрүүлжээ. Замын хөдөлгөөний удирдлагын систем нь хурдны зам, төв зам, гэрлэн дохионы удирдлага зохицуулалт, автомат хяналт, автобус, замын хөдөлгөөний мэдээлэл, ногоон тээврийн хэрэгсэл бүхий бүсийн зохицуулалтын систем, жолоочгүй тээврийн хэрэгслийн туршилт зэрэг олон дэд платформоос бүрддэг. Цаг агаар, гэнэтийн үйл явдал, осол, хөдөлгөөний эрчмийн талаарх мэдээллийг авахаас гадна таксины байршил, мэдээллийг цаг тухайд нь цуглуулж, хөдөлгөөнд зарцуулж буй дундаж хугацааг тооцоолдог. Эдгээр мэдээллийг иргэд веб хуудас, гар утасны аппликейшн, зурвас, замын хөдөлгөөний шууд дамжуулалт, гар утасны чиглэл заагч үйлчилгээ, цахим сүлжээнээс авч болно.  


Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхээр Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлж буй. Энэ хүрээнд тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID, улсын дугаар таних LPR камерын систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart car систем ашиглаж эхэлсэн. Сөүлийн зам тээврийн ухаалаг систем хэрхэн ажиллаж, ямар асуудлыг шийдэж байгаатай танилцсаны дүнд эдгээр шийдлийг Улаанбаатарт нэвтрүүлэх боломжтойг Хотын дарга Д.Сумъяабазар онцолжээ.


                                                    Байгаль орчинд ээлтэй технологийг дэмжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мөн Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвд зочилж, ногоон хөгжлийн бодлогын талаар санал солилцлоо.


БНСУ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэр дундаа нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд ногоон хөгжлийг дэмжих хууль батлан, байгальд ээлтэй технологи, бизнест Засгийн газрын түвшинд анхаардгийг тус төвийнхөн онцолж байв. БНСУ-ын хэмжээнд хүн амын тоо буурах хандлагатай ч өрхийн тоо нэмэгдсээр байгаа. Өөрөөр хэлбэл, орчин цагт залуус бие даан өрх тусгаарлаж амьдрах нь олширч, энэ нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг нэмж байгааг Сөүл хотын Уур амьсгал, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Ким Жон Цан уулзалтын үеэр өгүүллээ.


Тэрбээр “Солонгост эрчим хүчний дэвшилтэт технологи ашиглах, хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас анхаарч, тодорхой шийдвэр гаргаж байна. Харин Сөүл хот Байгаль орчны сантай хамтран ажиллаж, эко технологийн хөгжүүлэлтийг санхүүжүүлдэг” гэлээ. Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдсэн хямрал, байгалийн гамшгийн хор хохирол бид бүгдэд хамаатай. Тэгэхээр байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломж бий” гэснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 



Холбоотой мэдээ