ӨМНӨГОВЬ: “Охин үрээ хайрлая” үйл ажиллагааг Даланзадгад хотод зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-02 07:42:40

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Даланзадгад сумын ЗДТГ-аас хэрэгжиж байгаа “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд “Охин үрээ хайрлая” нөлөөлийн үйл ажиллагааг 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж, ЕБС-ийн 6 сургуулийн 10 дугаар ангийн 276 эмэгтэй сурагч ээжтэйгээ хамтдаа оролцлоо.

Үйл ажиллагаанд хамрагдсан сурагчид болон ээжүүдэд хувь хүний хөгжлийг дэмжих нөлөөллийн сургалт, шинжлэх ухааны үндэслэлээр мэргэжлээ зөв сонгоход нь чиглүүлж мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох генетик оношилгоо, зан төлөв, зүүн, баруун тархины хөгжил, суралцах арга барил, биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлох, азтан шалгаруулах зэрэг олон ажил зохион явууллаа.


“Охин үрээ хайрлая” үйл ажиллагаанаас нийт 9 охиныг азтанаар шалгаруулж “Dz English school” сургалтын төвд нэг сар суралцах эрх, “Mild cosmetics” гоо сайхны дэлгүүр болон “Angels is in us” кофе шопоор үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулж өгсөн бөгөөд “Манал говь” шүдний эмнэлгээр 100.000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгээр 3 сурагч, Nyamka's Beauty salon-д 80.000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхээр 2 азтанг тус тус тодрууллаа.


Ээжүүд болон сурагчдад нөлөөллийн сургалт, тестийн оношилгоог Улаанбаатар хотоос “Генетик тест Монгол” ХХК-ийн мэргэжилтнүүд урилгаар хүрэлцэн ирж гүйцэтгэжээ.


Даланзадгад хотын Засаг дарга Х.Батболд:

Энэ үйл ажиллагааны гол зорилго нь охидоо эерэг зөв төлөвшил, хандлагатай болгох, зөв хүн болж өсөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Мөн хамгийн гол нь хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох нь чухал байдаг. Тиймээс Даланзадгад сумын ЗДТГ-аас санхүүжүүлэн Улаанбаатар хотоос мэргэжлийн ажлын баг урьж хамтран ажиллаж сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь чиглүүлж мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох генетик оношилгоо, зан төлөв, зүүн, баруун тархины хөгжил, суралцах арга барил, биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлох зэрэг ажлыг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд ээжүүд болон охид идэвх санаачилгатай оролцож байгаад талархалтай байна. 

 

"Охин үрээ хайрлая" үйл ажиллагааны оролцогч Л.Алтанзул:

-Охидоо хайрлах, зөв хүн болж төлөвшихөд нөлөөлөх чиглэлээр зохион байгуулж байгаа энэ сайхан үйл ажиллагаанд оролцож байгаадаа миний хувьд маш их баяртай байна. Охинтойгоо мэдлэг боловсролоо дээшлүүлэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Үр дүн, ач холбогдол ихтэй үйл ажиллагаа зохион байгуулсан Даланзадгад сумын удирдлага, мэргэжилтнүүддээ нийт эцэг эх, охидынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.


"Охин үрээ хайрлая" үйл ажиллагааны оролцогч Н.Мөнхцэцэг:

-Өнөөдөр амралтын өдөр хэдий ч охинтойгоо хамтран олон сайхан зүйлсийг мэдэж сурч үр дүнтэй өнгөрүүлж байна. Улаанбаатар хотоос мэргэжлийн илтгэгч багш нар хүрэлцэн иржээ. Ажил амьдралын ачааллаас шалтгаалан байнга гаргаж чаддаггүй сэтгэлээ илэрхийлээд охиноо тэврээд, инээж баясаад сэтгэл хөдөлж хоолой зангирах үе ч байлаа. Үнэхээр халуун дулаан сайхан өдөр байлаа. Бидний хувьд том дурсамж үлдээсэн нэгэн өдөр болж байна. Ер нь бодоод байхад охидтойгоо өсвөр насанд нь илүү ярилцаж ойлголцохоос гадна ээжүүд бид олон талаас нь суралцаж судлан, мэдлэг мэдээлэлтэй байснаар ирээдүйд нь маш зөв суурийг тавьж өгч чадах юм байна гэж ойлгож авлаа. Хайр дүүрэн л үйл ажиллагаа боллоо.Та бүхэндээ маш их баярлалаа.


"Охин үрээ хайрлая" үйл ажиллагааны оролцогч охин Ч.Энхтүвшин:

-Энэхүү сургалтад хамрагдсанаар ээжтэйгээ дотно байж тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцлаа. Энд ойлгож мэдсэнээ цаашид амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал. Өмнө нь гарцыг нь мэддэггүй байсан зүйлсийнхээ талаар ч сургалтаас мэдэж авсан. Тиймээс үр дүн ихтэй сургалт боллоо гэж би бодож байгаа. Багш нартаа болон сумын Засаг даргадаа баярлалаа. 

Холбоотой мэдээ