ЗАВХАН: Батлагдсан замаар зорчихыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-10 16:00:35

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн зарим сумын нутгаар орсон цас, шуурганы улмаас улсын чанартай зам давааны зорчих хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдсан тул анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

Өнгөрсөн шөнө, Завханы хойд бүс, зүүн бүсийн Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумын нутгаар цас орж, эдгээр нутгийг дайран өнгөрдөг улсын чанартай авто замын үзэгдэх орчин хязгаарлагдсан.

Шөнөдөө орсон цас өдөртөө хайлж хөлдөн, халтиргаа гулгаа ихтэй, явган шуурганы улмаас зарим зам даваагаар зорчиход хүндрэлтэй байна. Тиймээс иргэдийг хол замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тогтмол авах, ялангуяа орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын нөхцөл байдалд хурдаа тохируулж явах, мөн батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулав.


/Завхан аймаг Загастайн даваа. 2023 оны 3-р сарын 10-ны өглөөний 9.15 цагийн байдал/


2023 оны 3 дугаар сарын 10-ны 20.00 цагаас 11-ний 20.00 цаг хүртэлх, хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Завхан аймгийн нийт нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна. Нутгийн өмнөд болон говийн бүс нутгаар шөнөдөө -15-20 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна.


Харин Улиастай хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -22-24 градус, өдөртөө -3-5 градус хүйтэн байна. Тосонцэнгэл сум орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25-27 градус, өдөртөө -10-12 градус хүйтэн байна гэж Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

/Завхан аймаг Солонготын даваа. 2023 оны 3-р сарын 10-ны өглөөний байдал/

Холбоотой мэдээ