ГОВЬ-АЛТАЙ: Сүрьеэгээр өвчлөгсдийн дийлэнх нь хөдөлмөрийн насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-10 13:46:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын сумын эмч, мэргэжилтний холбооноос "Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Алтай хотноо зохион байгуулж байна. 


Сургалтын нээлтэд тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, МСЭМХ-ны Ерөнхийлөгч Ц.Ганхүү нар оролцож, хэлэлцүүлэгт амжилт хүслээ. Сургалт хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох эмч мэргэжилтнүүд, сумын эрүүл мэндийн төвийн дарга, лаборант нийт 40 хүн оролцож байна.


Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021 онд сүрьеэгийн 31 тохиолдол, 2022 оны эхний гурван сард 7 халдвар бүртгэгдэн эмчлүүлж байна. Тэдний дийлэнх нь 16-50 насны буюу хөдөлмөрийн насныхан эзэлж байгаа тухай тус аймгийн ЭМГ-аас мэдээлсэн юм. 

Сүрьеэгийн халдвар илрэнгүүт өвчтөний өрхийн болон ойрын хавьтлыг илрүүлж үзлэг шинжилгээнд хамруулдаг аж. Хавьтлын үзлэг шинжилгээг илрүүлэх, тэдгээрийг оношилгоонд хамрагдахад аймгийн Эрүүл мэндийн газартай Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо болон Глобал сангаас дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг. Түүнчлэн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эмч, мэргэжилтнүүд сүрьеэгийн диспансер, сум, өрхийн Эрүүл мэндийн төвтэй хамтран эмийн эмчилгээг өвчтөнүүдэд үзүүлдэг ажээ.


Холбоотой мэдээ