Монгол-Иран-Хятад чиглэлээр байнгын нислэг зохион байгуулах асуудлыг судлахаар ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-31 14:36:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Исламын Бүгд Найрамдах Иран улсын уул уурхай, аж үйлдвэр, худалдааны дэд сайд бөгөөд худалдааг дэмжих байгууллагын ерөнхийлөгч Мохамид Мехди Барадаран тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.


Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Исламын Бүгд Найрамдах Иран улсын уул уурхай, аж үйлдвэр, худалдааны дэд сайд бөгөөд худалдааг дэмжих байгууллагын ерөнхийлөгч Мохамид Мехди Барадаран тэргүүтэй албаны төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. 


Уулзалтаар талууд агаарын бохирдлыг бууруулах, нүүрсний хэрэглээг шингэрүүлсэн хийгээр солих, цөлжилтийн эсрэг хамтран ажиллах, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон бүс байгуулах, дахин боловсруулах болон цэвэрлэх үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, аялал жуулчлалын салбарт Монгол, Иран хоёр улсын хооронд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, байгаль экологийн чухал асуудлуудаар санал солилцов. 


Исламын Бүгд Найрамдах Иран Улс нь далайн өргөн эрэг газартай, Евроазийн төв дэх газар зүйн ашигтай байрлалтай гэгдэх орон юм.  Хойгуураа Армени, Азербайжан, Туркменистан улсуудтай болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; урдуураа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак улсуудтай тус тус хиллэдэг. Энэ агуулгаараа Иран бол газрын тос, байгалийн хий ихтэй бөгөөд Ойрх Дорноддоо нөлөөхүйц гүрэн гэгддэг байна. Тиймээс энэ удаагийн уулзалтаар талууд дээрх сэдвүүдийн хүрээнд санал солилцож, дараа дараагийн хамтын ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо. 


Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр орны жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр визний уян хатан нөхцөлийг бий болгох болон Монгол-Иран-Хятад чиглэлээр байнгын нислэг зохион байгуулах асуудлыг судлахаар ярилцлаа.




Холбоотой мэдээ