Цэвэр усны шугам хоолойг үе шаттай шинэчилнэ

ОРОН НУТАГТ | Дорнод
167@montsame.mn
2022-05-18 10:15:56

Дорнод /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Дорнод аймагт ажиллалаа. Сүүлийн жилүүдэд Чойбалсан хотын оршин суугчдад тулгамдаад байгаа зэвтэй усны талаар салбарын сайдаас тодруулахад "Цэвэр усны шугам хоолойг нэг дор бүрэн шинэчлэх боломжгүй, үе шаттай хөрөнгө оруулалт хийнэ" гэв. Тэрээр "Дорнод НАА" ОНӨААТҮГ-ын ажилтнуудтай уулзаж, санал солилцсон.

Зэвтэй усны шалтгааныг 1988 онд ашиглалтад орсон Төмөр цэвэршүүлэх станцад засвар үйлчилгээ хийж тордож байгаагүй, ковидын үед ус, цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор хэрэглээ ихэссэн зэргээр холбогдох байгууллагууд тайлбарлаж байгаа юм.

Аймаг орон нутаг энэ асуудлыг богино хугацаанд шийдэхээр төсөв гарган ажиллаж байна. Харин улсын төсвөөс төмөр цэвэршүүлэх станцын шинэчилсэн зургийг ирэх жилээс хийх, цэвэр усны шугам хоолойг шинэчлэх асуудалд эрэмбэ гаргаж, 2023 онд солих шаардлагатай хэсгийг шинэчлэн үе шаттай хийхээр төлөвлөж байгаа аж. 

Салбарын сайд өнөөдрийн зэвтэй усны асуудал нэг өдрийн дотор гэнэт үүсээгүй. Олон жилийн туршид цаг тухайд нь засвар үйлчилгээ хийж байгаагүйн улмаас үүссэн нөхцөл байдал тул цаашид тогтмол засвар үйлчилгээ хийж, мэргэжлийн түвшинд ажиллахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ