УВС: Хот тохижилтын ажилтнууд баярын өдрүүдээр ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Улаангом тохижилт үйлчилгээний газрын хамт олон баяр наадмын өдрүүдээр амрахгүйгээр ажиллаж байна.
Тэд Гиваан баатарын талбайн гэрэлтүүлэг шинэчлэх, ногоон байгууламжийн гар болон автомат усалгаа хийх, тус талбайд үйлчилгээ явуулж буй иргэдэд тог цахилгаан нэмж татах, хог хаягдлыг цэвэрлэж, ачиж зайлуулах, цэцгийн мандлуудыг сэргээн засварлах зэрэг ажлыг амжуулжээ.
Мөн аймгийн наадмын талбайн ногоон байгууламжийн хог хаягдлыг цэвэрлэж, ачиж зайлуулах, мод зүлгийг усалж байна.
Үүнээс гадна орон сууцны хороолол, аж ахуйн нэгж, байгууллагуудын хог хаягдлыг тогтмол хугацаанд ачиж, тээвэрлэх, нийтийн
эзэмшлийн зам талбайд зүлэг, цэцэг тарих, ногоон байгууламжид гар болон автомат усалгааг
тогтмол хийж байгаа юм.
Тус байгууллагын хамт олон “Хогоо хогийн саванд хийж хэвшээрэй” хэмээн уриалж байна.
“Манай байгууллага 56
ажилтантай. Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр манай хамт олон амрахгүйгээр бүрэн
бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Увс аймгийн 100 жилийн ой дөхсөнтэй
холбогдуулан гадаад, дотоодын зочид төлөөлөгчид их ирж байна. Ингэснээр бидний ажлын
ачаалал ч нэмэгдэж байна” хэмээн Улаангом тохижилт үйлчилгээний газрын дарга З.Балжинням ярилаа.