Дарханы автозамын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-27 13:54:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт хүчний жанжин штабыг хүч нэмэн ажиллуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан байна.


Тус замын бүтээн байгуулалтыг 5 багцад хуваасан. Үүнээс өнгөрсөн оны эцэст нэгдүгээр багцын ажил 95 хувь, хоёрдугаар багц 20 хувь, гуравдугаар багц 98 хувь, дөрөвдүгээр багц 8 хувь, багц тав 99 хувийн гүйцэтгэлтэй байгааг ЗТХЯ-наас Засгийн газрын хуралд танилцуулжээ. Мөн тус замыг ашиглалтад орох хүртэл хугацаанд ажлын багийг ахлан ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд үүрэг болгосон гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тэрбээр, "Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтын ажил хангалтгүй байгаа хоёр, дөрөвдүгээр багцын ажилд зэвсэгт хүчнийг оролцуулахад шаардагдах зардлын хэмжээ, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газрын дараагийн хуралд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ долоо хоногийн пүрэв эсхүл баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар төлөвлөж байгаа. Энэ үеэр дээрх асуудлыг дэлгэрэнгүй танилцуулна гэсэн үг" гэлээ.

Холбоотой мэдээ