Х.Кобаяши: "Тэрбум мод" хөдөлгөөн Монгол, Японы харилцааны шинэ салбар болно гэдэгт итгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-03-29 15:34:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд үргэлжилж байна.


“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын хүрээнд зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлгийн Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа хэсэгт Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши оролцож байр сууриа илэрхийллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт нь улс, бүс нутгийн бус дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буйг Элчин сайд онцлов.


Тэрбээр, “Цөлжилттэй тэмцэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн маш чухал гэж үзэж байгаа. Энэ санаачилга хоёр орны хамтын ажиллагаанд шинэ салбар нээх боломж гэж найдаж байна. “Тэрбум мод” санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд мод тарих нь яагаад чухал вэ гэдгийг иргэддээ сурталчлан таниулах нь чухал” гэв.


Энэ үеэр Монгол Улсад тохиож буй шар шороон шуурга Япон улсад хэрхэн нөлөөлж буйг хэлэлцүүлгийн чиглүүлэгч асуув. Шар шороон шуурга нь Япон улс төдийгүй Зүүн хойд Азийн улс орнуудад янз бүрийн нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, Монгол Улсад шар шороон шуурга дэгдэхэд мал хорогдож, зам дарагддаг бол Хятад улсад газар тариаланд сөргөөр нөлөөлж, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас автомашин зорчих боломжгүй болж гацдаг гэдгийг Элчин сайд хэллээ.


Япон Улсад жил бүрийн 2-4 дүгээр сард шар шороон шуурга оргилдоо хүрдэг бөгөөд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг Элчин сайд онцлоод, “Шар шороон шуурга нь хил дамнасан байгаль орчны асуудал тул улс орнуудын хамтын ажиллагаа чухал. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдсэн улсын хувиар Японы Засгийн газар цөлжилттэй тэмцэх олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний дотор 2004 оноос хойш Монгол, Япон улс Гол, горхийн судалгааны төсөлд хамтран ажиллаж байгаа.


Мөн 2019 оноос Монголын говийн заг модыг нөхөн сэргээх судалгааны ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын  улмаас тус төслийн судалгааны ажлыг цахимаар хийж байгаа. Энэ хүрээнд заг модыг нөхөн сэргээж, хамгаалахад малчид болон Засгийн газар хамтран ажиллаж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх цогц төсөл хэрэгжүүлэхийг хүсэж байна.


Энэ төслийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, заг модыг сэргээх мод үржүүлгийн төсөл хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааны шинэ салбар болно гэдэгт би бүрэн итгэж байна” гэв.


Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлгээр, байгаль орчин, ногоон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхээс гадна Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батална. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй санхүүгийн байгууллагууд, зарим томоохон аж ахуйн нэгжид батламж гардуулах юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн уриалга, хамтарсан төслийн санал боловсруулна. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монголын эдийн засгийн чуулган 2022 арга хэмжээний нэгдсэн хуралдаанд хүргүүлж танилцуулах аж.

Холбоотой мэдээ