Ховор амьтдыг агнахаас сэргийлж нөлөөллийн ажлыг хийж байна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-17 17:12:15

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Цагдаагийн газраас ховор амьтан, ургамлыг хамгаалах талаарх сурталчилгаа мэдээллийг эрчимтэй хийж байна.

Учир нь улирлын чанартай ховор амьтдыг зөвшөөрөлгүйгээр агнах, ховор амьтан, ургамлыг худалдаж авна гэсэн зар олон нийтийн сүлжээнд байршиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байхыг сануулах, анхааруулах мэдээллийг эрчимтэй хийж эхэллээ. Тодруулбал, алтайн хойлгийн мах худалдаж авах, хонин болон хуурамч хонин арцыг их хэмжээгээр худалдаж авах. Загасны махыг их хэмжээгээр худалдана гэсэн заруудыг нягталж шалгаж буй.

Алтайн хойлог /Tetraogallus altaicus, Gebler 1836/ нь 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдэж, Монгол Улсын улаан номд оруулсан амьтан юм. Мөн тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалжээ. Гэвч иргэд олон нийт эмчилгээ сувилгаанд хойлог шувууны махыг хэрэглэх зорилгоор хууль бусаар агнаж, худалдаалж, агнах зорилгоор үргээж байршлыг алдагдуулсаар байна. Тиймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран тухайн амьтныг хамгаалах, тоо толгойг хомстохоос урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цахим сүлжээ ашиглан “Ховор амьтнаа хамгаалъя” цуврал уриалгыг гаргаж иргэдэд мэдээлэл өгч сурталчилгаа нөлөөллийн ажлыг хийж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ