Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон талын ажлыг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-15 11:24:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан болж сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө.

Тус хурлаар 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон талын үйл ажиллагааг шийдвэрлэхээр боллоо. Салбар дундын хамтын ажиллагаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулахаар өнгөрсөн онд олон ажлыг хэрэгжүүлсэн ч цаашид илүү анхаарч ажиллах. Шат дараатайгаар шийдвэрлэх асуудлууд байгааг салбар комиссын гишүүд хурлаар хэлэлцэв. Тухайлбал, шийдвэр гаргагчид, иргэд болон хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх сургалт, мэдээллээр хангах. Мөн харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нэгдсэн тоон судалгаатай болох, статистикийн мэдээ мэдээллээр хангагдаж, бодлого шийдвэрт тогтмол ашиглан ажиллахаар болов. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн бололцоонд тулгуурлаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах, ажлын орчин нөхцөлийг судалж, ажиллах нөхцөл боломжоор хангах. Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд аймгийн хэмжээнд нээлттэй ажлын байр зарлаж, тэднийг ажлаар хангахаар болов.

Байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөөтэй болно

2022 онд Завхан аймгийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй болно.

Мөн гадна оффисынхоо үүдний налуу шатаас эхлээд дотоод тохижилтоо иргэн бүрт ээлтэй тэгш боломжоор хангахаар боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлаг, спортын арга хэмжээг дэмжиж хамтран ажиллах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж тэрбум мод тарих, арчлахад гэрээгээр ажиллуулах, чацаргана, саримс тариалах төсөл хөтөлбөрт хамруулах. Эдгээр иргэдэд чиглэсэн төсөв санхүүг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрт хамрагдах. Тэдний өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд заавар зөвлөмж өгөх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, зарж борлуулдаг цэгтэй болгох. Төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар ойлголт мэдээлэл өгөх, төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг аймгийн хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр хүртээмжтэй мэдээлэх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төвийн үйл ажиллагааг дэмжиж нэгдсэн байрыг ашиглалтад оруулах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, хамт олонд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, сайн ажилласан байгууллага, хувь хүмүүсийг сурталчилж, олон нийтэд мэдээллийг хүргэх. Аймгийн Засаг даргатай сумын Засаг дарга нарын 2022 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд дээрх асуудлуудыг тусгах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотын асуудлыг шийдвэрлэж, хэрэгжүүлэх гэхчлэн асуудлуудыг 2022 оны  төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажиллахаар болов.


Иргэдийг мэдээллийг тэгш хүртэх боломжоор хангав

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан иргэн бүр мэдээлэл авах тэгш боломжийг олголоо.

Учир нь анхдугаар хуралдаанд дохионы хэлмэрчээр иргэн Л.Санжидсүрэн ажиллаж хурлын үйл ажиллагааг тэгш хүртээмжтэй хүргэв. Цаашид аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй цаг үеийн мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааг дохионы хэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, тэгш боломжийг иргэн бүрт олгох юм. Хуралд холбогдох хэлтэс, агентлагийн дарга, бодлого хариуцсан мэргэжилтнүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн тэргүүн зэрэг 19 хүн 100 хувийн ирцтэйгээр оролцлоо. Мөн хурлаар 2021 онд аймгийн салбар зөвлөлийн хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээлэл, зарцуулсан төсвийг тайлагналаа. Мөн хуралд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй иргэд нээлттэй санал солилцож энэ онд анхаарах олон асуудал байгаа талаар шийдвэр гаргагчдад уламжиллаа.


Өнгөрсөн онд орон нутгийн төсвөөс 43.4 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулжээ

Завхан аймгийн хэмжээнд 2021 онд 3509 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Үүнээс эмэгтэй 1563, хөдөлмөр эрхэлдэг 330, төрөлхийн 1580, олдмол 1929 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 170 хүүхэд байна. 2021 онд аймгийн хэмжээнд орон нутгийн төсвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 43.4 сая төгрөгийг зарцуулжээ.  Тухайлбал, Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг анги нээхэд 30 сая төгрөг, аймгийн хэмжээнд найман хүүхдийн асран хамгаалагч нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход 2.4 сая төгрөгийг зарцуулжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд 4.2 сая төгрөг, аймгийн хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хэмжээнд нэг сая төгрөг, “”Би гүймээр байна” хандивын аянд Аймгийн Засаг даргын захирамжаар хоёр сая төгрөгийг тус тус зарцуулсан. Түүнчлэн тусгай олимп болон бусад уралдаан тэмцээнд оролцох унаа, байрны зардал зэрэгт 3.7 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэж, улсын төсвөөс 182.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн, тэдний оролцоотой хөгжлийн олон талын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн ehalamj.mn хуудсаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс үзүүлж буй тусламж үйлчилгээг нээлттэй авдаг болсон зэрэг олон дэвшилттэй ажлуудыг улс, аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн байна гэж холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өглөө.  

Холбоотой мэдээ