Эрээнд саатсан ачааг 9 хоногийн дотор татан авна

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.mn
2022-01-19 14:21:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эрээн боомтын Гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан импортын ачааг 8-9 хоногийн дотор татан авч дуусна гэдгийг Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцуулжээ.


Энэ сарын 11-нд нийт 985 чингэлэг байснаас өнөөдрийг хүртэл 435-ыг нь татан аваад байна. Эхний өдөр 24 чингэлэг татан авч байсан бол сүүлийн өдрүүдэд 60-65 болж нэмэгджээ.


Засгийн газрын хуралдааны үеэр чингэлэг татан авахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах, зохион байгуулалтыг сайжруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.


Ташрамд дурдахад, Замын-Үүд боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоогоод буй юм. Энэ нь коронавируст халдварын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой. 

Холбоотой мэдээ