“Оролцоот эпидемиологи”-ийн орон нутгийн хэрэгжүүлэгчдийг бэлтгэж байна

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-02 14:22:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Дэлхийн Зөн Монгол" Олон улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд малын эмч нарыг “Оролцоот эпидемиологи”-ийн орон нутгийн хэрэгжүүлэгчээр бэлтгэх сургалт, судалгааны ажил зохион байгуулж байна.  

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр тус аймгийн Дэрэн, Сайнцагаан, Гурвансайхан суманд хэрэгжиж байгаа бөгөөд иргэдийн амьжиргаа, даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийг эрсдэлийн үе шаттайгаар бууруулах зорилготой юм.

“Оролцоот эпидемиологи”-ийн орон нутгийн хэрэгжүүлэгчээр бэлтгэх сургалтад аймгийн Мал эмнэлгийн газар, зорилтот сумын мал эмнэлгийн тасаг, нэгжийн малын эмч, мэргэжилтнүүд, Их газрын чулуу байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны байцаагч 11 хүн оролцож, сургалтын үеэр зорилтот сумын 179  малчныг “Оролцоот эпидемиологи”-ийн тандалт судалгаанд хамруулжээ.

14 хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү сургалтаар оролцогчид эпидемиологи буюу “тандалт судалгаагаар малын халдварт өвчнийг тодорхойлох оролцооны арга”, аргачлалд суралцаж, цаашид малчдын гамшгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлж, тэдний амьжиргааг хамгаалах замаар хөдөө, аж ахуйн салбарт гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулах юм.

Сургалтыг "Дэлхийн Зөн Монгол" Олон улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн “Оролцоот эпидемиологи”-ийн зөвлөх, сургагч багш Б.Энхтуяа  удирдаж, тандалт судалгааны ажилд хамтран ажиллаж байна. Цаашид зорилтот сумдад судалгааны ажил үргэлжлэх ажээ. 

Холбоотой мэдээ