“Дэлгэцийн донтолтоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалцгаая” аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-25 19:49:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудал болох хүүхдийг цахим донтолтоос сэргийлэх үндсэн зорилготой “Дэлгэцийн донтолтоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалцгаая” төслийг Сэлэнгэ аймаг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучдын хөгжлийн газраас “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-тай хамтран хэрэгжүүлнэ.

Аяны танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хийж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог албан ёсоор нээлээ. Төслийн нээлтэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны байгууллагууд, багш сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцлоо. Хэрэглээ нь байх ёсоо хэмжээнээсээ хэтрээд байгаа дэлгэцийн хэрэглээний хор уршиг, түүнээс хүүхдээ хамгаалах арга замуудын талаар мэргэшсэн лекторууд, мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг оролцогчид сонсон, шинэ мэдлэгийг олж авлаа.

Үйл ажиллагааны хүрээнд төслийг санаачлагч,”Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-ын тэргүүн, “Дэлгэцээс холдуулах дадлууд” хүүхдийн номын зохиогч Н.Дуламсүрэн “Хүүхэд дэлгэцэнд донтох эмгэгийн олон улсын нөхцөл байдал” илтгэл, “Бага насны хүүхдийн тархины хөгжил, гар утас ухаалаг төхөөрөмжийг саатуулах хэрэгсэл болгон ашиглахын сөрөг нөлөөллүүд болон донтох эрсдэл” сэдэвт хичээл заав. Мөн Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн захирал Л.Уянга “Дэлгэцийн донтолоос сэргийлэхэд боловсролын байгууллагын үүрэг оролцоо” туршлагаасаа хувцаалцлаа. “Дэлгэцийн донтолт-бодит аюул” төслийн зөвлөх Ц.Лхагвасүрэн “Дэлгэцийн донтолт"-оос сэргийлж буй олон улсын туршлагыг танилцуулав.

Аймгийн зүгээс нийт сумын сургуулиудын дунд дэлгэцийн хэт их хамааралтай хүүхдийг илрүүлэх судалгаа явуулахад 1000 орчим хүүхдэд энэ асуудал тулгамдаж байгаа гэсэн дүгнэлт гаргаад байгаа аж. Тиймээс аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын анхаарлыг энэ асуудал руу хандуулан, “хүүхэд-эцэг эхчүүдэд” хандсан нөлөөллийн ажил хийх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байгаа энэхүү аян хүүхдүүдэд дэлгэцээс ангид дадал хэвшил суулгах, эцэг эхчүүдийг үр хүүхэддээ эергээр нөлөөлж, гэр бүлийн амьд харилцааг эрхэмлэхийг уриаллаа. Мөн мэдээллийн эрин зуунд өөрийгөө зөв удирдах арга замын талаарх мэдлэгийг бүх насныханд олгох том зорилгыг агуулжээ. "Эерэг өөрчлөлийн түүчээ" төрийн бус байгууллага дэлхий нийтээр далд хэлбэрээр газар авч буй дэлгэцийн донтолт бол хүүхдийн бие махбодь болоод сэтгэл зүйд олон сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм. Иймээс үүнийг нийгэмд таниулж, үүнээс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү төслийг үндэсний хэмжээнд өрнүүлэн ажиллаж байгаа ажээ.  


Холбоотой мэдээ