Япон онцгой байдлын дэглэмээ цуцлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-27 17:34:56

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар тус улсад өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан энэ сарын сүүлээр зарим мужид хэрэгжиж буй онцгой байдлын дэглэмийг цуцлахад бэлэн байгаа талаар тус улсын эрх баригчид мэдэгджээ.


Нийслэл Токио хотод ням гаргийн байдлаар халдварын 299 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн 11 хоног дараалан буурчээ. 


Токио хот болон бусад 18 мужид одоогоор онцгой байдлын дэглэм хэрэгжиж байгаа юм. Улсын хэмжээнд ням гаргийн байдлаар халдварын 2100 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ.


“Манай улсын олон сая иргэн вакцинд хамрагдаад байгаа хэдий ч халдвар авах эрсдэл байсаар байна. Гэвч халдварын тархалтын одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, зарим мужид хэрэгжиж буй хязгаарлалтын арга хэмжээг аажмаар сулруулах нь зүйтэй” гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса онцолжээ. 


Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон бусад шинжээчидтэй зөвлөлдсөний дараа мягмар гарагт онцгой байдлын дэглэмийг цуцлах эсэх шийдвэрийг гаргах ажээ.

Холбоотой мэдээ