Их Британид шатахууны хомсдол үүссэн үү?

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-09-27 12:57:15

ЛОНДОН. /ITV/. Их Британид хэд хэдэн шатахуун түгээх станц түр хугацаагаар хаагдсан бөгөөд зарим станцуудад бензин, дизель түлшний хомсдол үүсч байгааг тус улсын газрын тосны “British Petroleum” /BP/ корпорац, “Esso” компаниас анхааруулжээ.


Өнгөрсөн пүрэв гарагт “British Petroleum” корпорац шатахууны нийлүүлэлт тасалдсантай холбогдуулан шатахуун түгээх хэд хэдэн станцаа түр хугацаагаар хаасан нь хиймэл эрэлт үүсгэсэн гэж тус улсын Тээврийн сайд Грант Шэппс мэдэгджээ.


Мөн цөөн тооны “Tesco” шатахуун түгээх станцуудад шатахууны хомсдол үүссэн гэж “ExxonMobil” компани мэдэгджээ. Харин бусад шатахуун түгээх станцууд болон “Asda”, “Morrisons” зэрэг Их Британийн томоохон сүлжээ супермаркетуудад ямар нэгэн хүндрэл үүсээгүй болохыг Г.Шэппс онцолсон байна.


Тодруулбал, шатахуун түгээх станцуудад бензин, дизель түлшний хомсдол үүссэн нь шатахуун тээвэрлэхтэй холбоотой асуудлаас үүдэлтэй юм. Их Британийн газрын тосны “British Petroleum” корпорац шатахуун түгээх хэд хэдэн станцаа хааж, бензин, дизель түлшний нийлүүлэлтийг хязгаарлах талаараа тус улсын Засгийн газарт өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдэл хүргүүлжээ. Их Британид хүнд даацын машины жолооч хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан шатахуун нийлүүлэлт тасалдаж, улмаар зарим ШТС-уудад ийнхүү шатахууны хомсдол үүсчээ.


Тээврийн сайд Г.Шэппс хүнд даацын машины жолооч хүрэлцэхгүй, дутагдалтай байгаад Brexit буруутай гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хязгаарлалтын дэглэмийн улмаас дотоодод бэлдсэн 40000 жолоочоос шалгалт авах ажилд саад гарсантай холбон тайлбарлажээ.


Энэ сарын эхээр Тээвэрчдийн холбооноос “ITV News”-т өгсөн мэдээллээр, Их Британийн Засгийн газар хүнд даацын машины жолоочийн дутагдлыг арилгах, тэднийг дотооддоо сургах ажлыг хурдасгах арга хэмжээ авсан нь зөв алхам байсан гэдгийг онцолсон байна.


Түүнчлэн тус корпорац ачааны машин жолоодох эрхтэй гадаадын жолооч нарт виз олгох ажлыг хөнгөвчилж, жолоочийн хомсдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ авахыг Засгийн газраас хүсэж буйгаа илэрхийлжээ. Их Британийн Тээвэрчдийн холбооны тооцоолсноор, тус улсад том ачааны тэрэгний 100 000 гаруй жолооч шаардлагатай байгаа аж.


Үүнтэй холбогдуулан тус улсын Тээврийн сайд Г.Шэппс хүнд даацын машины жолооч бэлтгэн нийлүүлэлтэд анхаарч, гадаад жолооч нарын визийг хөнгөлөх бүх хувилбарыг судалж байгаа талаараа мэдэгджээ.


Урьдчилсан байдлаар ирэх аравдугаар сараас эхлэн шатахууны нөөц тогтворжиж, түгээлт хэвийн болно гэж найдаж байна хэмээн “British Petroleum”  корпорацын удирдлагууд нэмж дурдсан байна.

Холбоотой мэдээ