БНАСАУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд ЕА-н чуулганд оролцох төлөвтэй байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-09-16 17:30:40

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд Ким Сон энэ сарын эцсээр болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ чуулганд оролцох төлөвтэй байна гэж Гадаад хэргийн яамны нэгэн төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.


Түүний  мэдээлснээр, НҮБ-ын ЕА-н 76 дугаар чуулганы дээд түвшний долоо хоногт буюу есдүгээр сарын 21-27-нд үг хэлэх хүмүүсийн жагсаалтад Ким Сон БНАСАУ-ын төлөөлөгчийн хувиар үг хэлнэ хэмээн бичсэн байжээ. Тодруулбал, Ким Сон Мьянмар, Гвиней, Афганистаны төлөөлөгчдийн хамт сүүлийн өдөр үг хэлэхээр товлосон байна.


БНАСАУ 2015, 2016-2018 оны НҮБ-ын чуулганд Гадаад хэргийн сайд нар болох Ри Су Ён, Ри Ён Хо нарыг илгээжээ. Харин Ким Соны хувьд 2019 оноос хойш чуулганд оролцож байгаа юм.


Өнгөрсөн онд ЕА-н чуулганыг “COVID-19” цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан бол энэ онд уламжлалт хэлбэрээр зохион байгуулна. Энэхүү чуулганд оролцохоор төр, засгийн 150 гаруй тэргүүн Нью-Йорк хотноо хүрэлцэн ирэх төлөвтэй байна.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд Нью-Йоркийг ням гарагт зорин үйл ажиллагаанд оролцож, дараа долоо хоногийн мягмар гарагт үг хэлнэ. Мөн Гадаад хэргийн сайд Чун Ый Ён чуулганы хүрээнд хоёр талын болон олон талын хэд хэдэн уулзалт хийх төлөвтэй байна гэж яамны төлөөлөгч мэдээлжээ. 

Холбоотой мэдээ