Замыг нөхөн сэргээх, засварлах ажлыг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад замыг нөхөн сэргээх, засварлах ажлыг хийж байна.
Даланзадгадын орчимд үргэлжилсэн орсон усархаг борооны улмаас учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилсээр байна. Замын дээд талын айлууд үерт автсан тул хатуу хучилттай замуудыг сэтэлж үерийн усыг урсгасан юм. Мөн энэ үеэр Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамд сэтэлгээ хийж уулын үерийн усыг Даланзадгад руу оруулалгүй зайлуулсан билээ. Тус автозамын ус зайлуулах хоолойг "Замын битүм"ХХК 1,5 м диаметртэй хос байгууламжаар хийж байна. "Говь цамхаг" ХХК мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 36 м3 цементбитон нийлүүллээ гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Үерийн нөхцөлд болон нөхөн сэргээх засварлах ажилд "Тэлмүүн доной"ХХК, "Жи жи ай"ХХК, Галмөнх"ХХК, "Хүннүгийн Говь" ХХК, "Ханбогд аривжих"ХХК, "Дарханговь"ХХК зэрэг барилгын салбарын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж техникээр дэмжлэг үзүүлж байна.
Мөн Даланзадгадын хэмжээнд зам засварлах ажлыг "Таны зам" ХХК хийж гүйцэтгэж байгаа юм. Баянбулаг хорооллын зүүн талын автозамд ус зайлуулах байгууламж, 2-р баг Цаг уурын баруун талын автозамын эвдрэл, цөмрөлтийг бетонон хучилт хийх гэх мэтээр зам засварын ажлууд үргэлжилж байна.