Үерт нэрвэгдсэн бүсэд 30 тэрбум еврогийн санхүүжилт олгохоор тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-11 17:54:52

БЕРЛИН. /DW/. Германы холбооны Засгийн газар болон 16 мужийн удирдагчид дөрвөн долоо хоногийн өмнө үерийн гамшигт нэрвэгдсэн бүсийг сэргээн босгох ажилд олгох тусламжийн багцын талаар тохиролцоонд хүрлээ гэж тус улсын Канцлер Ангела Меркель мэдэгджээ.


Тодруулбал, холбооны Засгийн газар, мужийн тэргүүн сайд нарын цахим уулзалтаар Хойд Рейн-Вестфал, Рейнланд-Пфальц мужийн хот суурингуудыг сэргээн босгох ажилд 30 тэрбум еврогийн /35 тэрбум ам.доллар/ санхүүжилт олгохоор тохиролцсон байна.


Канцлерийн мэдээлснээр, Засгийн газар санхүүжилтийг олгоход шаардлагатай хууль тогтоомжийн нарийвчилсан асуудлуудын талаар ирэх долоо хоногт хэлэлцэх ажээ. Тэрбээр талууд ийнхүү тохиролцсоныг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлжээ.


Нийт санхүүжилтийн 28 тэрбум еврог үерт нэрвэгдсэн хоёр мужид олгох бөгөөд үүний тэн хагасыг 16 муж, үлдсэн тэн хагасыг нь холбооны Засгийн газар хариуцах ажээ. Харин үлдэж буй хоёр тэрбум еврог Засгийн газраас гаргаж, төмөр зам, авто зам, гүүр гэх мэт дэд бүтцэд зориулах ажээ. 

Холбоотой мэдээ