Гэр хороолол руу зам тавьж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-28 11:19:56

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Ховд хот дотор 10 км зам барих ажлын нээлт өчигдөр боллоо.

Хотын дотор дөрвөн чиглэлд баригдах уг зам төв замаас Жаргалант сумын Буянт багийн орчин 12 жилийн 6 дугаар сургуулийн орчноос гэр хороолол руу тавигдах  4,5 км замын ажлыг Ховд АЗЗА төрийн өмчийн компани барьж ашиглалтад оруулахаар ажлаа эхлүүллээ.

Буянт багийн ард иргэд хамгийн их машины хөдөлгөөн ихтэй, тоос шороотой орчин гэж үзэж, иргэд өөрсдөө багийн иргэдийн нийтийн хурлаараа дамжуулан 6- р сургуулийн ард талд зам тавих саналыг  аймаг, орон нутгийн удирдлагуудад санал тавьж ирсний хүчинд өнөөдөр сайн чанарын авто замтай холбох ажил эхэллээ.

Аймгийн төсөв төлөвлөгөөнд суугдсан дээрх замын эхний ажил Буянт, Цамбагарав, Баатархайрхан, Бичигт багуудын нутаг дэвсгэрт баригдах ба  явган  хүний замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн  барьж ашиглалтад орох  ёстой гэж  Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан онцоллоо.

Засгийн Газрын тогтоолын дагуу төрийн өмчит АЗЗА ХХК  гэрээ байгуулж гүйцэтгэх  энэхүү зам Буянт, Цамбагарав, Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үргэлжлэн баригдана.

Харин  иргэд зам тавьж байгаа үед замын компанийн ажилд өөрсдөө  саад учруулахгүй түргэн шуурхай барихад дэмжиж, хамтарч ажиллахыг Аймгийн Засаг дарга нээлтийн үеэр анхаарууллаа. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ