“ХАА-н менежмент, экологийн тогтвортой байдлыг хангах” төслийг 4.2 сая еврогоор санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-19 16:51:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужатай Европын холбооны санхүүжилтээр хамтран хэрэгжүүлэх шинэ төслийн талаар санал солилцов.


Монгол Улсын иргэдийн хүнсний хангамж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шинэлэг, ландшафтын түвшний удаан хугацааны тогтвортой менежмент хэрэгжүүлэн шийдэх, чадавхыг нь нэмэх зорилгоор төслийг 4.2 сая еврогоор санхүүжүүлж байна. Тодруулбал, ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ хамтран “ХАА-н бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэхэд хөдөө аж ахуйн ландшафтын түвшний менежментийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай уялдуулах” хүрээнд 1.65 сая еврогоор санхүүжүүлэх аж.


Мөн БОАЖЯ, Германы ОУХАБ хамтран “Зорилтот сумдын ойн нөөц, биологийн олон янз байдлын менежментийг ландшафтын түвшинд тогтвортой хэрэгжүүлэх чадавх сайжруулах” зорилгоор 2.6 сая евро төсөвлөжээ. Төслийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Жавхлант суманд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.


БОАЖ-ын сайд Н.Уртнасан төслийн ач холбогдол өндөр, үр өгөөж нь бодит байхад анхаарч буйгаа уулзалтын эхэнд онцлоод, төсөл хэрэгжихтэй холбоотой дараах саналыг тавив. Тухайлбал, ойн тогтвортой менежментийг сайжруулах, орчин үеийн техник хэрэгслээр хангах, төсөл хэрэгжих орон нутгийн иргэдийн өрхийн орлого нэмэгдэх ёстой. Ойн сангийн нөөцийг нэмэх, ойжуулалтын зардлыг шийдэхэд хамтран ажиллана. Төсөл хэрэгжих хугацаанд гарах зардлыг төслийн төсөвт багтаан тооцох, бичиг баримтад тусгах нь зүйтэй. Төслийн гэрээг үзэглэхдээ ХХААХҮЯ-ыг оролцуулна. Мөн ойн нөөц тогтоох, ойн нормативыг шинэчлэх судалгааг нэлээд хийсэн. Одоо бодит ажилд төслийн төсвийг зарцуулах саналтай байна гэсэн юм.


НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, сайдын тавьсан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, дээрх асуудлыг хэрхэн шийдэх, гэрээнд хэрхэн тусгах боломжтойг зөвшилцөн ойрын хугацаанд эргэн уулзахаар болжээ.


Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил болгон зарласантай холбогдуулж 10-р сард үндэсний мод тарих өдрөөр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцоллоо. 

Холбоотой мэдээ