Дэлхий даяар нэг стандарттай болж буй энэ үед зөвхөн Монголд тохируулсан хууль батлах нь өрөөсгөл

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-22 12:28:39

Дэлхий нийтээр даяарчлагдаж байгаа өнөө үед Монгол Улс зөвхөн өөрийн нөхцөлд тохируулсан эрхзүйн орчин бүрдүүлэх нь өрөөсгөл бөгөөд олон улсын дүрэм журамд нийцүүлэн хуулиа боловсруулах ёстой гэдгийг Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа өнөөдөр болсон “Ази Номхон далайн бүсийн улсуудын төр ба хуулийн тогтолцоо” олон улсын хурлын үеэр онцлов.

МУИС-ын Хууль зүйн сургууль, БНХАУ, ОХУ-ын хууль зүйн сургуулиуд хамтран “Ази Номхон далайн бүсийн улсуудын төр ба хуулийн тогтолцоо” олон улсын хурлыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол, ОХУ, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буй энэ үед харилцан хууль, эрхзүйн орчноо судлах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм. Тиймээс энэхүү хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болжээ. Өнөөдрийн хуралд Монгол, ОХУ, БНХАУ-ын хуулийн сургуулийн 30 гаруй төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлж байна.

Энэ зууны эхэн үеэс улс орнууд эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэх болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эдийн засаг зэрэг улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд гэрээ, хэлэлцээр байгуулдаг. Гэрээ хэлэлцээр байгуулахын тулд хамтрагч орнууд нэн тэргүүнд харилцан хуулиа судлах, түүнд нийцүүлэх нь чухал гэдгийг доктор, профессор Ж.Амарсанаа хэлсэн юм.

Тэрбээр, “Монгол Улсын эрхзүйн орчинг хэт баруунжсан гэж ярих хүмүүс олон. Дэлхий даяар нэг стандарттай болж байгаа энэ үед зөвхөн Монголын онцлогт тохируулан хууль батлах нь өрөөсгөл. Монгол Улсад европын хууль, дүрэм журам, стандартууд ЗХУ-аар дамжин нэвтэрсэн. 1992 оноос хойш Монгол Улсад хууль, эрхзүйн шинэчлэл зогсолтгүй үргэлжилж байгаа. Бид нэн шаардлагатай гэж үзсэн хуулиудаа бусад улс орноос орчуулж авах ёстой. Мөн өөрсдөө ч өөрсдийн эрх ашгийг хамгаалсан, олон улсын дүрэм, журамд нийцсэн хуулийг боловсруулах хэрэгтэй. Ингэснээр бусад улс оронтой хамтран ажиллахад бэрхшээлгүй болно” хэмээв.

Хуралдааны төгсгөлд төлөөлөгчдийн илтгэлийг нэгтгэсэн ном бүтээх бөгөөд нь энэ ирээдүйн хуульч, төрийн албан хаагчдын гарын авлага болох ёстой гэдгийг хуралдаанд оролцогчид хэлж байлаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ