Хөөмийн өлгий нутагт эрдэм шинжилгээний бага хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-22 09:51:05

Ховд  аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Олон улсын Хөөмийн IV” наадмыг зохион байгуулах ажлын хэсэг хоёр  дахь удаагаа хуралдлаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмийн IV” наадмыг 7 дугаар сарын 6-9-ний  өдрүүдэд зохион байгуулах юм.

Энэ үеэр хөөмийн өлгий нутаг болсон Чандмань суманд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар ажлын хэсэг  төлөвлөжээ.

Түүнчлэн хөөмийн гарал үүсэл болсон байгалийн дуу авиа, нутаг нутгийн онцлог түүхийг харуулсан аялал зохион байгуулж, гоцлол болон хамтлаг төрлөөр шалгаруулж, шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг хийхээр хөтөлбөрт тусгалаа.

Хөөмийлэх урлаг бол монголын уламжлалт хөгжмийн онцгой үзэгдэл, ховор нандин төрөл юм. Хөөмий бол угтаа байгалийн үзэгдэл, Уулын голын харгиа, боргио хүрхрээний дуу чимээнээс үүдэлтэй. Байгалийн энэхүү дуу чимээг урлаг болгосон нь зөвхөн Төв Азийн нүүдэлчин монголчууд гэж судлаачид үздэг.

Монгол Улсын баруун хязгаар Монгол Алтайн нурууны  сав газарт Жаргалант хайрхан хэмээх байгалийн өвөрмөц хэв шинжтэй томоохон хайрхан бий. Энэ уулын өвөрт Ховд аймгийн Чандмань сум, Хар ус нуурын сав газар Монгол хөөмэйн нэгэн чухал бүс нутаг болж байна гэж түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Батмөнх судалгааны номондоо дурьдсан байдаг.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ