Хотын дарга Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөлтэй уулзав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-09 10:02:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког хүлээн авч уулзав.


ОУШХБ нь НҮБ-ын төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улс дахь салбараараа дамжуулан дотоодын шилжилт хөдөлгөөний талаар цаг үеийн бодит, олон талт мэдээлэл бий болгож иржээ. Энэ дагуу Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2019-2023 онд дотоодын шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байна.


Уулзалтаар талууд нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хянах, зохистой зохион байгуулах, ОУШХБ-ын шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээг нэвтрүүлэх, энэ чиглэлд холбогдох албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллах тухай санал солилцов.


Хотын дарга нийслэлд тулгамдаад буй замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад шилжилт хөдөлгөөнийг зүй зохистой удирдаж, иргэдийг үнэн, зөв мэдээллээр хангах нь зүйтэйг дурдаж, ОУШХБ-ын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлжээ.

 

Холбоотой мэдээ