Тариаланчдад 8,4 мянган тонн үрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-07 11:36:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хаврын тариалалтад зориулж 5,4 мянган тонн, улсын нөөцийн салбараас 3 мянган тонн нийтдээ дотоодоос 8,4 мянган тонн үрийг тариаланчдад зохих журмын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно.


Түүнчлэн Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 4 аж ахуйн нэгжтэй 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулжээ. Одоогоор ОХУ-аас нийлүүлж байгаа 4,5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаа. Мөн 3 мянган тонн үр замд явааг ХХААХҮЯ мэдээллээ.


Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөхөөр улаанбуудай, тэжээл, сэлгээний таримлын үр, хэрэгцээт шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хүртэл хувийн урьдчилгаа авч зээлээр олгон, үлдэх төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлөөр гэрээ байгуулж, тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөжээ.


Энэ хөнгөлөлт дэмжлэгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Хар хорин, Угтаал салбар болон алслагдсан аймгийн ХХАА-н газраар дамжуулан хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. 

 

Холбоотой мэдээ