“BioNTech” вакцин нь хувьссан вирусүүдийн эсрэг үр дүнтэй гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-29 10:27:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Pfizer” ба “BioNTech” компаниудын бүтээсэн коронавирусний вакцин Их Британи, Өмнөд Африкт илэрсэн хувьссан вирусүүдийг саармагжуулж байгааг судалгаа харууллаа гэж Германы “BioNTech” компани цахим хуудсандаа мэдээлсэн байна.  


Тус компани америк түншийн хамт вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүсийн цусны сийвэнг ашиглан хийсэн лабораторийн судалгааны үр дүнг танилцуулжээ. “Цусны сийвэн Их Британи, Өмнөд Африкт тархсан “SARS-CoV-2”-ийн хувилбаруудыг саармагжуулж байсныг “Pfizer” болон Техасын Их Сургуулийн Анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн хийсэн хэмжилт харуулсан. Судалгааны үр дүнг “bioRxiv” цахим номын санд нийтлүүлсэн бөгөөд нягтлан шалгах сэтгүүл рүү илгээсэн” гэж “BioNTech” компани мэдэгджээ.


Эрдэмтэд вакцин тариулсан 20 хүний цусны сийвэнгийн нөлөөг судалжээ. Цусны дээжүүд “британи”, “өмнөд африк” болон нэгтгэсэн хувилбар гэсэн гурван хувилбарыг саармагжуулж байсан боловч түвшин нь өөр өөр байсан байна. “Өмнөд Африк" хувилбарт цусны сийвэнгүүд "ялимгүй сул" нөлөө үзүүлжээ. Энэхүү үр дүн нь АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучигийн лхагва гарагт Цагаан ордонд хийсэн видео мэдээллийн үеэр танилцуулсан мэдээлэлтэй таарч байгаа юм.


Америкийн Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран гарган авсан коронавирусний вакциныг АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын хяналтын газар 2020 оны 12 дугаар сард бүртгэсэн билээ. Тус газар мөн Америкийн “Moderna” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.


Холбоотой мэдээ