Монгол эрдэмтдийн боловсруулсан төсөл олон улсын нэр хүндтэй тэтгэлэгт тэнцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-26 17:35:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрдэмтдийн боловсруулсан “Нүүдэлчин монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл олон улсын нэр хүндтэй тэтгэлэгт тэнцэж, Монголын эрдэмтдийн баг Японы тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.


Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development) хөтөлбөрт 2019 онд Биологийн нөөц чиглэлд 42 төсөл өрсөлдөж 3 төсөл шалгарсны нэг нь болжээ.


Төслийг МУИС-ийн профессор Ж.Батхүү удирдаж байгаа бөгөөд энэ багт ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Эко системийн судалгааны төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн малын тэжээлийн шингэцийн лабораторийн тэргүүлэх эрдэмтэд, Япон улсаас Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургуулийн тэргүүлэх эрдэмтэд,  тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний үндэсний хүрээлэн, зарим компани, аж ахуйн нэгж хамтраад байгаа.


“Нүүдэлчин монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төслөөр эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан, малын эрүүл мэндэд тустай бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг тандан судалж, бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологи боловсруулан, ХАА-н салбар, малын эмнэлгийн практикт нэвтрүүлэх юм.


ХААИС-ийн Эко системийн судалгааны төвийн мэдээллээр, одоогоор Монгол Улсын нийт бэлчээрийн 22,6 хувь нь буюу 25 сая га талбай доройтжээ.


Сүүлийн 20-иод жил хийсэн судалгаа, тандалтаар энэ хэмжээний бэлчээрийн газар байгалийнхаа жамаар сэргэх боломжгүй болсон учир төслийн үр дүнд ач холбогдол өгч байгаа. Төсөл нь жилд ойролцоогоор 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр таван жилийн турш хэрэгжинэ.


Энэ төсөл нь Засгийн газраас эрдэмтэн судлаач, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хамтарсан судалгааг хөгжүүлэх, тэдний хамтран ажиллах соёлыг төлөвшүүлж, хүний нөөцийг зөв бодлого, үр дүнд суурилсан өрсөлдөөнт санхүүжилтийн тогтолцоог шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын салбарт бий болгох бодлого, зорилтыг хангахад түлхэц өгөх жишиг болж байгаагаараа онцлог аж.

 

Холбоотой мэдээ