Коронавирус уушгинд нэвтэрдэг шинэ уургийг илрүүлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-01-21 18:29:19

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эрдэмтэд “SARS-CoV-2” вирус уушгины эсэд нэвтрэхдээ ашигладаг байж магадгүй уургийг олж илрүүлжээ. 


Коронавирус нь ACE2 уургаас гадна, AXL хэмээх ферментээр дамжин уушги, гуурсан хоолойн эсүүдэд нэвтэрч байгааг эрдэмтдийн хийсэн судалгаанууд харуулжээ. AXL нь эсийн амьдрах чадвар, эсийг ялгах, дархлааны хариу урвал зэрэг физиологийн олон процессыг хариуцдаг мембраны уураг аж. 


Судлаачид эдгээр рецепторуудыг идэвхгүй болгосноор ​​уушгины хучуур эдийн эсүүд дэх РНХ-ийн вирусний хуулбарын тоог эрс бууруулж болохыг тогтоосон байна.


Хэрэв энэхүү дүгнэлт цаашид хийх бие даасан судалгаагаар батлагдвал "COVID-19"-ийн үр дүнтэй эм гарган авахад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд шинжлэх ухааны "Cell Research" сэтгүүлд зориулсан нийтлэлдээ бичжээ.


Судалгааг Жэзян мужийн биологийн тэргүүлэх лабораторийн мэргэжилтнүүд Ханжоу дахь Вестлейкийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд болон бусад судлаачтай хамтран хийжээ.


Холбоотой мэдээ