Тусгай ажиллагааны хүрээнд 17,860 шил архийг лацаджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-16 20:49:42
altantogos

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газраас 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс энэ сарыг дуустал хугацаанд “Хорио цээр” тусгай ажиллагааг зохион байгуулж байна.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан "Ковид-19" цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  А/362 тоот захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор тус ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дээрх захирамжийн хүрээнд энэ сарыг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, зарж борлуулахыг хориглосон.

Тиймээс “Хорио цээр” тусгай ажиллагааны хүрээнд аймгийн МХГ-тай хамтран Мандалговь хотод архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрэлтэй 53 аж ахуй нэгжид албан мэдэгдэл хүргүүлж, нийт 17,860 шил архи, 13,837 шил шар айраг, 1,864 шил дарсыг агуулахад хийж лацадсан байна.

Иргэд архи согтууруулах ундаа гар дээрээс болон хүргэлтээр худалдан борлуулсан иргэд, аж ахуй нэгж байгууллагын талаарх мэдээллийг холбогдох утсаар мэдэгдэж, хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас уриалсан аж. 

Холбоотой мэдээ