Их Британи, ЕХ-ны удирдагчид уулзана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-12-08 10:07:28

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Brexit”-ийн дараах үеийн худалдааны гэрээг байгуулахын тулд Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйентай уулзахаар энэ долоо хоногт Бельгийн нийслэл Брюссель хотыг зорино.


Хоёр удирдагч даваа гарагт 90 минутын турш утсаар ярьсны дараа ийнхүү шийдвэрлэжээ. Тэдний хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, загасчлал, бизнесийн өрсөлдөөний дүрэм, аливаа гэрээний удирдлагын талаар талууд санал зөрөлдсөн хэвээр байгаа ажээ.


“Брюссельд ойрын хугацаанд болох биечилсэн уулзалтын үеэр хэлэлцэх шаардлагатай, санал зөрөлдөж буй асуудлуудыг тоймлон бэлтгэхийг хоёр талын хэлэлцээний төлөөлөгчдөөс бид хүссэн” гэж уг хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


“Худалдааны гэрээ байгуулж чадахгүй байж магадгүй. Хэлэлцээ баасан гарагт ямар байсан яг тэр хэвэндээ байгаа бөгөөд дорвитой ахиц дэвшил гараагүй байна” гэж Их Британийн Засгийн газрын эх сурвалж Б.Жонсон, У.Ляйен нарыг утсаар ярьсны дараа мэдээлжээ.


Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс энэ оны нэгдүгээр сарын 31-нд гарсан боловч энэхүү үйл явцын дараах үеийн худалдааны харилцааг зохицуулах гэрээг 11 сарын хугацаанд буюу энэ сарын 31 хүртэл хэлэлцэхээр тохиролцсон юм. 

Холбоотой мэдээ