Авто зам барих ажлын нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨнөөдөр Өмнөговь аймагт 59,6 км авто зам барих ажлын нээлт боллоо. Аймгийн төвөөс нийслэлтэй холбогдсон автозамын Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх уг замыг хатуу хучилттай зам болгох юм.
Энэхүү замыг концесийн гэрээгээр барьж байгуулах бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтанд оруулах ажээ. Уг арга хэмжээний нээлтийн үеэр Даланзадгад-Цогтцэций чиглэлийн замыг эхлүүлэхэд аймаг орон нутгийн удирдлагуудын үүрэг оролцоо их байсныг албаны хүн онцолж байлаа.
Тус аймгийн хувьд орон нутгийн чанартай авто замыг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал сүүлийн 3 жилд орон нутгийн төсвөөс 63.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хатуу хучилттай авто зам барихад зориулсан байна. Үүнээс хамгийн урт нь аймгийн төвөөс Баяндалай, Гурвантэс сумдын чиглэлд барьж буй авто зам юм. Хатуу хучилттай замтай болсноор унаа машины эвдрэл багасаж, цаг хугацаанд ч хэмнэлттэй бөгөөд эдийн засагт өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байгаад иргэд талархаж буйгаа илэрхийлсээр байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн