ОРХОН: Энэ онд 25 байршилд авто замын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-07-23 11:33:25

Баян-Өндөр, 2025 оны долоодугаар сарын 23/МОНЦАМЭ/. Орхон аймаг 2025 оны төсвийнхөө 80 гаруй хувийг инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжаа сайжруулахаар 2024 оны 12 дугаар сард ИТХ-аар төлөвлөн баталсан.


Зам засвар бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалайгаар ахлуулсан ажлын баг тогтмол ажиллаж байна. Энэ онд 25 байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажил хийж байгаа. Үүнд орон нутгийн хөгжлийн сангаас 20 гаруй  тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. 


Тухайлбал: 

Дэнжийн 3,5 км авто зам 

Чингэл баг Ёс заншлын өргөө хүртэлх авто зам

БОЭТ-ийн дотор талбай

2А, 7-р хорооллын  доторх авто зам

Дэнж баг “ББ” хотхоны авто зам, орон сууцны байран дундах  авто машины 5 зогсоол

Барилгачдын  талбайн уулзвар

Татварын газрыг тойрсон авто зам 

Гендрекцийн урд талын авто машины зогсоол гэх мэт ажлууд байна.


2024 онд орон нутгийн төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 49 байршилд 23.7 км авто замыг засварлаж, шинээр 9,4 км авто зам тавих, 5 байршилд 400 авто машины зогсоол байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс 24 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусжээ.


Аймгийн хэмжээнд хийх 205 ажил байгаагаас инженерийн шугам сүлжээ солих, хүчдэлийн уналт сайжруулах ажлын хүрээнд хүчдэлийн тойрог схем солих, шугам барих ажлууд дийлэнх хувийг эзэлж байна.


Нийт цахилгааны ажлын 70 хувь гүйцэтгэлээрээ дуусаж, 48 ажил дээр улсын комисс ажиллан хүлээн авчээ.


Он дамжсан 116 бүтээн байгууллалтын ажлын 48-д нь улсын комисс ажиллаж бусад ажил хэвийн үргэлжилж байна.


Хотын хэмжээнд нийт авто замын ажлуудыг 8 дугаар сарын сүүлчээр хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 



Холбоотой мэдээ