ОРХОН: “Сэтгэл зүйн дархлаатай хамт олон” төслийг хэрэгжүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийгмийн салбарт чиглэсэн “Хүн амын бүлгүүд, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд “Бүх хайраа гэр бүлдээ”, “Сэтгэл зүйн дархлаатай хамт олон” гэсэн хоёр том төсөл хэрэгжүүлнэ.
Өнөөдөр төрийн байгууллага тэр дундаа нийгмийн бодлогын салбарын 58 төрийн байгууллагын 4000 гаруй алба хаагч руу чиглэсэн “ Сэтгэл зүйн дархлаатай хамт олон” төсөл нээлтээ хийлээ.
2024 онд аймгийн Нийгмийн даатгалын газар “Сэтгэл зүйн дархлаатай хамт олон” төслийг байгууллагынхаа ажилтнуудын дунд амжилттай хэрэгжүүлж, үр дүн гарсан юм.
Тус байгууллагын сайн туршлагыг ийн нийгмийн салбарын төрийн байгууллагуудад хэрэгжүүлэхээр ментор албан хаагчид өнөөдөр туршлагаа хуваалцан санал солилцож байна.
Төслийн зорилго нь нийгмийн салбарын төрийн албан хаагчдын сэтгэл зүйн дархлааны түвшинг судлан, хүчин зүйлийг тодорхойлж, сэтгэл зүйн сургалт, бүлгийн зөвлөгөөнөөр дамжуулан сэтгэл зүйн дархлааг нэмэгдүүлэх юм.
Төрийн албан хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд бодлогын түвшинд анхаарал хандуулснаар эрүүл сэтгэл зүйтэй албан хаагчаас эрүүл хамт олон, эрүүл гэр бүл, цаашлаад эрүүл нийгмийг бүтээх ач холбогдолтой гэж үзэж байна.
Төслийг танилцуулах үйл ажиллагаанд Хамтын ажиллагаа, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ, Нийгмийн даатгалын Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нармандах төслийн багийн гишүүд оролцлоо.

Улаанбаатар