ӨМНӨГОВЬ: Дэмчогийн хийд орчмыг хатуу хучилттай авто зам, цахилгаан сүлжээнд холболоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-13 15:19:39

Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршдог Дэмчогийн хийд орчмыг хатуу хучилттай авто зам, улсын цахилгаан сүлжээнд холболоо.

 

Дэмчогийн хийд бол Монгол Улсын шашин, соёлын үнэтэй өвийг хадгалж байгаагаас гадна говийн аялал жуулчлалын гол бүс нутаг.

 

Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ханбогд-Оюутолгой чиглэлийн зам, цахилгаан сүлжээнээс Дэмчогийн хийд хүртэл 17,5 км хатуу хучилттай авто зам цахилгаан шугам сүлжээ, дэд станц барьж ашиглалтад орууллаа.

 

Дэмчогийн хийдийг улсын нэгдсэн цахилгаан хангамж, хатуу хучилттай авто замд холбосноор говийн аялал жуулчлал нэмэгдэж, хийдийн үйл ажиллагаа тогтвортой, хүртээмжтэй, сүсэгтэн олон, аялагч, жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.



Тавдугаар ноён хутагт Данзанравжаа 1830 онд /27 настайдаа/ Ханбогд хайрхны дэргэд долоо хоног бясалгал хийж, 30 хоног мориор явж нутаг усыг нь шинжин судалж байжээ. Тэгээд нутаг орныг шинжсэний эцэст “Зөвхөн миний ирээд буцах газар биш юм байна. Амьдралынхаа тодорхой хугацааг энд өнгөрүүлье. Энэ нутагт хүнийх нь шиднээс илүү газрынх нь шид ноёлжээ. Тиймээс энэ сайхан нутгийг шүтэж чадвал хүмүүн төрөлхтөнд сайн сайхныг өгч, галав юүлэхийн цагт энд хүн амьд үлдэх нигуртай” хэмээн ноён хутагт өгүүлсэн гэдэг.

Ноён хутагт Данзанравжаа амьдралынхаа 20 гаруй жилийг энэ нутагтай холбож галбын ууланд гурван хийдийг төвхнүүлсэн түүхэн хүн. “Дэмчог”, “Рэт”, “Цагаантолгой” хийд 2-3 км-ийн зайд чандманлан оршдог.

Дэмчогийн хийд нь эргэл мөргөл, ариусгал, бясалгалын чиглэлээр байгуулжээ. Ваартай бадамлянхуа цэцгийн хэлбэртэй барьсан эл сүм хийд маш өвөрмөц зохилдлогоотой юм. Өндөр газраас харвал хашаа нь ваар хэлбэртэй цэцгийн ишнээс найман дэлбээ дэлбээлж байгаагаар бүтээжээ.

Нутаг шинжиж явахад ноён хутагтын анхаарлыг ихэд татсан зүйл нь эрэгтэй хүний бэлэг эрхтэн бүхий хэлбэртэй цохио гэдэг. Тэрээр эл цохиог хараад маш их баярлажээ. Цохион дээр сууж бүтэн өдөржин ном уншиж онцгойлон хүндэтгэл илэрхийлсэн хэмээн түүхэнд үлдсэн. Тэрээр энэ цохио эрэгтэй хүнд чадал чансаа аз жаргалыг бэлэглэх бол эмэгтэй хүнд сайн үр, сайхан хань ижил заяаж хүний амьдралын болж бүтэхгүй. бүхнийг тэгшилж өгөх увдистай. Тиймээс эл цохиог бадамлянхуа цэцгээр тахих ёстой” хэмээн хэлжээ.

Холбоотой мэдээ