Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрөө 30 хоногт төлөөгүй бол алданги тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. “Зам, тээврийн хөгжлийн төв”-өөс авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттай цахимжуулж буй.
Улсын хэмжээнд 33 төлбөр авах цэг байгаагаас өнөөдрийн байдлаар 12-ыг нь бүрэн цахимжуулжээ. Төлбөр авах цэгүүд цахим болсон нь олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа аж. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх юм.
Тиймээс “Зам тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газраас “Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян”-ыг энэ сарын 5-наас эхлүүлжээ. Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн аж. Мөн жолооч нарыг хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулж байгаа юм.
Жолооч нар Ebarimt.mn, Ezam.mn, E-Mongolia.mn зэрэг
төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан төлбөрийн
мэдээллээ шалгах болон төлөх боломжтойг албаныхан хэлж байна. Жолооч нарын төлсөн
төлбөрийг авто замын засвар, арчлалтад зарцуулдаг болохыг мэргэжилтнүүд дурдлаа.
Улаанбаатар