ДАРХАН-УУЛ: "Шимт" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирч, хичээлдээ илүү сонирхолтой болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр
сарын 13 /МОНЦАМЭ/. Дархан
сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨБ-ын 24 байгууллагад есдүгээр сард "Шимт" хөтөлбөрийн
тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг олгосон. Дархан сумын ОНХС-гийн хөрөнгө
оруулалтаар 213 бүлэгт
хуваарилсан уг тоглоомын аргын сургалтын хөтөлбөр хүүхдийн сэтгэн бодох
чадварыг нэмэгдүүлэхээс гадна хичээл, сургалтад илүү сонирхолтой болсныг цэцэрлэгийн
багш нар онцолж байна.
Уг хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө цэцэрлэгийн багш нар IQ хөгжүүлэх ном ашиглах, уламжлалт тоглоом наадгайн аргаар сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг байжээ.

Харин “Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх steam тоглоом, сургалтын гурван загварын нийт 373 ширхэг хэрэглэгдэхүүнийг цэцэрлэгүүдэд өгснөөр өдөр бүр зураг, агуулгын дагуу шинэ бүтээл хийж хөгжиж байна.

Энэхүү тоглоом нь БНСУ-д үйлдвэрлэсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын ISO чанарын гэрчилгээтэй, эко материалаар хийсэн зэрэг олон давуу талтай ажээ.
Сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх "Шимт" хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлсэн анхны аймаг болсныг Дархан сумын засаг дарга Т.Тулгаа тодотгож байна.

Тоглоом нь бага насны хүүхдийн бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, стресс, бухимдлыг бууруулах, бүтээлч сэтгэхүй, нарийн мэдрэмж, анхаарал төвлөрөлтийг дэмжих ач холбогдолтой юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сард “Эс Жи Жи Прэнд” ХХК нь 213 бүлгийн багш нарыг олон улсын хөтөлбөрт сургалтад хамруулж практик дадлага олгох, сертификаттай сургалтыг зохион байгуулжээ.

7 өнгийн 10 төрлийн хэлбэртэй, 3–5 настай буюу сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын блокоос бүрддэг хүүхдийн гарт тохирсон стандарт хэмжээтэй, аюулгүй бүтэцтэй бүтээгдэхүүнээр хүүхдүүд өдөрт 40-50 минут хичээллэж дүрс эвлүүлж сэтгэн бодох чадвараа хөгжүүлдэг байна.

Улаанбаатар