СЭЛЭНГЭ: Буддын урлагийн хамгийн олон талын авьяас билиг шингэсэн бүтээлүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-13 15:26:23

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас "Монгол бахархал" уриан дор соёлын бүтээлч сарын аяны хоёр дахь 7 хоногийн хүрээнд Өндөр гэгээн Занабазарын бүтээлийн тухай мэдээлэл хүргэлээ.

 

Түүний Буддын урлагийн хамгийн алдартай, олон талын авьяас билиг, ур чадвар шингэсэн бүтээлүүд нь Цагаан, Ногоон дарь эх бүтээл юм. Эдгэр нь сэтгэлийг тэтгэж, мэдрэмжийг өдөөсөн урлагийн шилдэг бүтээлүүд болно. Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн дарь эхүүд, нар салхиар энэрүүлэн илбэдүүлсэн мэт цог жавхланг цацруулан дотроосоо гэрэлтэх мэт төрхтэй юм.

 

Мөн түүний бүтээлүүд дотроос ялангуяа Буддын бурханлаг, хүмүүнлэг чанарыг төгс зохицлоор илэрхийлсэн алтадмал хүрэл, уран баримлууд нь түүнд алдрыг авчирчээ.

 

Алтадсан хөөмөл хүрлийн энэхүү гайхамшигт бүтээлүүд арьсны толигор, торгоны нимгэн, дархны уран чамин хийцийн шинж чанарыг нүдээрээ тэмтрэх мэт мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдгээрээ гайхалтай байдаг байна.

 

Тэрээр XVII зуунд улсынхаа оюун ухааны манлайлагч болсноор Монголын соёлын сэргэн мандалтыг эхлүүлсэн бөгөөд түүний уран бүтээлүүд өнөөг хүртэл олон авьяаслаг уран бүтээлчдэд үлгэр жишээ болсоор иржээ.

Холбоотой мэдээ