“Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажил ирэх сард дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-23 17:11:40

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн.


Өнөөдрийн байдлаар газар шорооны ажлыг нийт дөрвөн байршилд хийж байгаа бөгөөд наймдугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөж байна. Түүний дараа барилга угсралтын ажлыг эхлүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Эхний ээлжийн 4400 айлын орон сууцын зургаан буудал, “Оргил” худалдааны төв орчмын 25.6 га талбайд барихаар төлөвлөж байгаа аж.


Ажлын явцын талаар “Сэлбэ 20 минутын хот корпорац” компанийн Төслийн удирдлагын менежер Г.Ууганбаяр ярихдаа, “Төслийн газар шорооны ажлын туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгж байгууллага ажиллаж байна. Одоогоор инженерийн дэд бүтцийн буулгалт, барилгажилтын түвшин болон талбайн хэмжилтийн ажил дууссан бөгөөд газар шорооны ажил үргэлжилж байгаа” гэв. 


Төслийн хүрээнд орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэхээс гадна барилгаас гарсан саарал усыг зам талбай, усалгаа зэрэгт ашиглах юм. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийдэж, нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөжээ.


Сэлбэ хотод 10068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөж, нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм. Түүнчлэн өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 90.8 хувьтай хэрэгжиж, үлдсэн нэгж талбарыг чөлөөлснөөр нийт 15600 яндан, 12000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг зургаан хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгахаар тооцоолжээ. 




Холбоотой мэдээ