Ерөнхий сайд мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үүний нэг нь хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажил юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймааны гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна. Тэгвэл хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар өнөөдөр хэлэлцэж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Тодруулбал, хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, ирэх сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт даалгажээ. Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн байдлыг судалж, хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл зэргийг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгахаар болов.
Түүнчлэн улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Турк, Солонгос, АНУ, ОХУ, Тайланд, Вьетнам болон олон улсын байгууллагатай хамтран ажиллахаас гадна ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгох асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах үүрэг өгчээ.
Мөн мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлахаас гадна бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгажээ.
Эцэст нь, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгахыг ЦЕГ-т үүрэг болгосон байна.