Монгол, Киргизийн бизнес форумд 150 гаруй аж ахуйн нэгж оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2025-07-22 22:42:18

Бишкек, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. 


Айлчлалын хүрээнд Монгол, Киргизийн бизнес форум болж, хоёр орны төр, засгийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцлоо.

Форумыг Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Киргизийн Сайд нарын танхимын орлогч дарга Э.Ж. Байсалов нар нээж үг хэлэв.


С.Амарсайхан, төрийн тэргүүн нарын харилцан айлчлал харилцааг шинэ түвшинд хүргэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тодотголоо.

Бизнес форум эдийн засгийн харилцаа, хоёр орны төр, хувийн хэвшлийг харилцан үр өгөөжтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг уялдуулсан, бодит үр дүнд хүрэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.

​Цаашид:

• Хөдөө аж ахуй, хүнс, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах,

• Тээвэр логистик, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх,

• Жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх,

• Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, бизнес эрхлэх нөхцөлийг тогтвортой, ойлгомжтой болгох зэргээр хамтран ажиллана.

 

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Киргизтэй хамтран хүнсний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Бизнес форумд хоёр улсын мэдээллийн технологи, эрчим хүч, уул уурхай, тээвэр логистик, боловсрол, банк, санхүү, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах гэрээ хэлцэл хийлээ.


Форумын үеэр хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Монгол-Киргизийн бизнесийн зөвлөл байгууллаа.


Киргизийн эдийн засагт хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, нэхмэл голлодог. Гадаад худалдааны хэмжээ нь 16 тэрбум ам.доллар.


Алт болон хөдөө аж ахуйн түүхий эд, төмөр, шил, нүүрс, цемент голлон гаргаж, суудлын автомашин, газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг юм.




Холбоотой мэдээ