Чехийн сонгуульд Ерөнхий сайд асан А.Бабишийн нам ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПРАГА, 2025 оны аравдугаар сарын 5 /RT/. Бямба гарагт болсон Чехийн Төлөөлөгчдийн танхимын /парламентын доод танхим/ сонгуульд Ерөнхий сайд асан Андрей Бабишийн тэргүүлдэг ANO нам ялсан байна. Чехийн Ерөнхий сайд Петр Фиала түүнд болон түүний хөдөлгөөнд баяр хүргэжээ.
Саналын хуудасны 99.48 хувийг тоолж дууссаны дараа ANO хөдөлгөөн 34.67 хувийн санал авчээ. П.Фиалагийн эрх баригч эвсэл болох Spolu (Хамтдаа) 23.24 хувийн санал авч хоёрдугаарт жагссан байна.
Гэсэн хэдий ч ANO парламентад дангаараа олонхын суудал авч чадахгүй тул Бабишийн хөдөлгөөн эвслийн түнш хайх шаардлагатай болох бөгөөд ийм эвсэл байгуулах нь тун бэрх байх төлөвтэй байна. Учир нь ANO хөдөлгөөн П.Фиалагийн намтай хамтран ажиллахад бэлэн биш байгаа, П.Фиала ч ANO-той хамтрахыг хүсэхгүй байгаа гэж шинжээчид үзэж байна. Санал хураалтын дүнгээр ANO парламентын доод танхимын 200 суудлын 80-ыг авчээ.
ANO, Spolu намуудаас гадна, STAN (одоогийн эрх баригч эвсэлд багтаж буй хотын дарга нар, бие даагчид), Европын талыг дэмжигч “Далайн дээрэмчдийн нам”, хэт барууны үзэл баримтлалтай SPD (Эрх чөлөө ба шууд ардчилал), “Автомашинчид” (барууны популист, Европын Холбооны эсрэг байр суурьтай нам, Европын парламентад ANO-той нэг фракцад багтдаг) гэсэн дөрвөн нам парламентад суудал авсан байна.
Сонгуулийн өмнөхөн The Guardian сонинд Европын Холбоо Чехийн парламентын сонгуульд А.Бабишийн нам ялах вий гэж болгоомжилж байна гэж бичжээ. Ийм үр дүн гарвал Чех улс Унгар, Словак улсуудын байр суурийг дэмжих магадлалтай тул Украинд дэмжлэг үзүүлэх асуудлыг улам дордуулж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа ажээ.
Харин А.Бабиш өөрөө мэдэгдэхдээ, “Чехийг хэзээ ч Зүүн тийш чиглүүлэхгүй”, нам нь Украин дахь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох дипломат алхмуудыг дэмжиж, “Европт дайн гарах эрсдэлийг арилгах”-ыг зорьж байгаа гэсэн байна.
Өдгөө 71 настай Андрей Бабиш 2017-2021 онд Чехийн Засгийн газрыг тэргүүлж байсан бөгөөд өөрийнх нь эзэмшлийн Agrofert холдингтой холбоотой авлигын дуулианы улмаас сонгуульд ялагдан огцорч байжээ. Тухайн үед Бабишийг Европын Холбооны 2 сая орчим еврогийн татаасыг хууль бусаар авсан гэж буруутгасан боловч шүүх түүнийг цагаатгасан байна. Өдгөө Бабишийн хөрөнгө 3.3 тэрбум гаруй еврогоор үнэлэгдэж байгаа бөгөөд Чехэд түүнийг “Бабискони” гэж хочлох нь бий. Энэ нь Италийн тэрбумтан, Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн нэрнээс санаа авч өгсөн хоч юм. ANO намын тэргүүн өөрийгөө трампист гэж нэрлэдэг бөгөөд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны гол хамтран зүтгэгчдийн нэгд тооцогддог. Сонгуульд ялснаа тэрбээр “түүхэн амжилт, улс төрийн карьерынх нь оргил үе” хэмээн тодорхойлжээ.